Үндэсний хувцсаараа гоёсон өвлийн наадам

Хуучирсан мэдээ: 2017.02.11-нд нийтлэгдсэн

Үндэсний хувцсаараа гоёсон өвлийн наадам

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулж буй “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баяр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус наадам хоёр өдөр /2017.02.11-12/ болох юм.

ХАМГИЙН ДЭГЖИН ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ ГЭР БҮЛИЙГ ШАЛГАРУУЛНА

Өвлийн наадмын үеэр хамгийн дэгжин үндэсний хувцастай гэр бүл, эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүдийг тодруулах гэнэ. Үүний хажуугаар гэр бүлийн буухиа, цасан урлал, мөсөн сур, мөсөн шатрын тэмцээнүүд болон нохойтой чарга, мини амьтны хүрээлэн зэрэг үзүүлбэрүүд хоёр өдрийн арга хэмжээнд багтсан байна.

ХҮЙТНИЙГ ҮЛ АЖРАН БАЯРЛАЖ БАЙНА

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр дөхсөн ч нийслэлийн иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн баяр”-аа тэмдэглэж байна. Гадаа -10 хэмийн хүйтэн байгаа ч иргэд дуулж, бүжиглэн хүйтнийг үл ажирна. Нийслэлийн иргэдэд зориулсан энэхүү баярт очсон хүн бүрийг халуун цайгаар дайлахаас гадна тэдэнд сар шинийн бэлгээ сонгох боломжийг ч олгожээ. Тус хүрээлэнд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан асрыг бэлтгэж, тэд бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Урлагийн тоглолт дундаас хамгийн их анхаарал татсан нэгэн үзүүлбэр нь Улаанбаатар чуулгын уртын дууч Д.Шижирмаагийн электрон хөгжмийг аман хуур хөгжимтэй хослуулсан аялгуу байлаа. Гадаадын жуулчид ч тус наадамд явж байгаа харагдсан бөгөөд түүний үзүүлбэрийг үзээд “wow” хэмээн уулга алдсан юм.

ГЭР БҮЛИЙН БАЯР ИЛҮҮ ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ БОЛДОГ БОЛЖЭЭ

Наадамд хоёр дахь жилдээ ирж оролцож буй залуу гэр бүлийн сэтгэгдлийг сонслоо. Тэд “Манай гэр бүл 2014 онд Туул гол дээр болж байх үед нь оролцож байсан. Энэ жил зорьж ирлээ. Өмнөхөө бодвол улам их өргөн хүрээтэй болдог болжээ. Амралтын өдрийг гэр бүлээрээ сайхан өнгөрүүлж байна. Иргэдийг Цэцэрлэгт хүрээлэнд ирж, баярлаарай гэж хэлмээр байна.” гэлээ.

Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай тус наадмын өнөөдрийн арга хэмжээ 17.00 цагт өндөрлөнө. Харин маргаашийн хөтөлбөр 11.00 цагаас 17.00 цаг хүртэл болох гэнэ.

 

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж