ӨЧИГДӨР /2017.02.12/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг хэлэлцээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томьёоллоор санал хураалган гишүүдийн 80.3 хувь нь дэмжсэнээр УИХ-аас тогтоол баталлаа. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд шилжүүлж байгаа юм.
АН-ын VII их хуралд оролцож байгаа төлөөлөгчид Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батламжиллаа. Ингэснээр Ардчилсан намын дарга З.Энхболд чөлөөлөгдөж, С.Эрдэнэ шинэ дарга боллоо. Шинэ даргын нэрийг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх даалгаврыг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болголоо.
УИХ-ын намрын чуулган өнгөрсөн баасан гаригт хаалтаа хийлээ. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ эдийн засагт нааштай үр дүнгүүд харагдаж эхэлснийг онцолжээ. Тухайлбал, валютын нөөц 1.3 тэрбум болж, ханшийн огцом өсөлтийг бууруулах нөхцөл бүрдсэн байна. Үүнээс илүү сайжруулж чадах эсэх нь УИХ, Засгийн газрын цаашдын үйл ажиллагаанаас хамаарна. УИХ намрын чуулганы хугацаанд нийгмийн халамжийн асуудалд онцгой анхаарч, холбогдох хуулиудыг баталжээ. Тухайлбал, сар шинийн өмнө 122 мянган ахмад настан тэтгэврээс гадна насны хишиг хүртэх болж байгаа аж. Үүнд 20.5 тэрбум төгрөг зарцуулах юм.
Лхагва гаригт/2017.02.08/ Азид зэсийн үнэ нэг хувиар нэмэгдлээ. Үүний шалтгаан нь уулын баяжуулах BHP Billiton компанийн мэдэгдлээс шалтгаалжээ. Чилийн ажилчдын ажил хаялтын улмаас тэнд "Эскондида" уурхайн үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж байна гэж уг компани мэдэгдсэнийг CNBC дамжуулсан байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг өнгөрсөн баасан гаригийн /2017.02.10/ үдээс хойш сулласан тухай өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлжээ. Өмнө нь Л.Гансүх нь магадлангаар суллагдах шаардлагыг хангасан ч түүний материалыг шүүхээс удаа дараа буцаасан талаар өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан билээ. Тэгвэл өнөөдөр өдөр /2017.02.10/ Төв аймгийн Мөнгөн морьт суманд түүнийг магадланд хамруулж, суллах эсэх шүүх хурал болж, ийнхүү суллах шийдвэр гаргажээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгав. Тус газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ.
Хойд Солонгос баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын цэргийн албаны хүн мэдэгдсэн байна. Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 12-ны ням гаригийн 07.55 цагт Хойд Пёнган муж дахь Бангён агаарын баазаас харвасан баллистик пуужин 500 км зам туулаад Япон тэнгист унажээ. Дундын зайн тусгалтай пуужин байсан гэж Өмнөд Солонгосын албаны хүн мэдэгдсэн байна.
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гарсан билээ. Уг захирамжаар өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашинууд тэгш, сондгойгоороо хуваагдан замын хөдөлгөөнд оролцлоо.