…Олон тооны “нар”-ыг багш нар, эмч нар, дүү нар гэж хүний төрөл садан, ажил мэргэжил заасан цөөн хэдэн үгэнд залгана. Харин тэмээ нар, ширээ нар, ундаа нар, машин нар гэж хүн бус амьтай, амьгүй зүйлийн нэрд залгаж эрхэлж болохгүй. Хэл эвдэрнэ. Дээр нь багаасаа англи, орос хэл сурсан хүүхдүүд “Нүднүүдийн нулимс гараад байна.” гэж андуураад байна. Гадаад хэлтэй л бол амиа аваад явчихна гэж андуурсан аав ээжүүд хүүхдээ гэрт гадаагүй гадаадаар яриулснаас болж хүүхдүүд нь хоёр өөр хэлийг хольж ярьж байгаа нь энэ.
“Байх”, “байрлах” хоёрыг бас андуурч, хольж солиод байна. “Налайх дүүрэгт байрлах орон сууц”, “Баянгол дүүрэгт байрлах компани” гэж албархаж маяглах хэрэггүй. Байх гэдэг бол байнга байдаг, оршдог гэдэг утгатай. Тэгэхээр “Налайх дүүрэгт байдаг орон сууц”, “Баянгол дүүрэгт байдаг компани” гэх нь зөв. Тэгээд ч байнга л байдаг болохоор “байх” гэж ирээдүй цагаар бичилгүй “… байдаг” гэх нь зөв. Харин түр байх, орогнох гэдэг утгатай байрлах-ыг “дайснууд хадат ууланд байрлаж байна, манай үзмэр үзэсгэлэнгийн танхимд түр байрлана.” мэтэд хэрэглэнэ. Хараад байхад андуурч эндүүрч утгаа алддагийн ихэнх нь албархаж, аальгүйтсэнээс л болдог юм билээ.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Ануудраад байна, андуураад байна…” өгүүллийн хэсгээс