Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Тамхи… тамхи…

Эрдэмтэд бүр 1920-иод оноос тамхи таталт хорт хавдартай холбоотой байна гэдгийг олж тогтоосон. Тамхины гол найрлага нь “tobacco” хэмээх бодис байдаг бөгөөд үүнийг өөр олон төрлийн бодистой нийлүүлэн үнэр оруулан янжуур үйлдвэрлэдэг. Асаасан /шатаасан/ янжуурын утаа уушгинд сорогдсоны дараа мэдрэлийн эсээр дамжин тархинд “dopamine”, “endorphine” хэмээх бодисууд ялгарч хүний биенд тайвшруулах нөлөө үзүүлдэг. Хар тамхи хэрэглэх үед мөн эдгээр бодисууд ялгардаг, гэхдээ их хэмжээгээр. 2000 оны байдлаар дэлхий дээр 1.2 тэрбум хүн тамхи татдаг байсан гэсэн статистик байгаа бөгөөд түүний нэг тэрбум нь хөгжиж буй улс орны иргэд байна. Дэлхий дээр ер нь эрчүүд илүү тамхи татдаг. Харин монгол хэдэн тамхичин байгаа, тэдний хүйсийн харьцаа ямар байгаа нь төдийлөн тодорхой биш байна. Тамхи нь хүний уушгинд сөрөг нөлөөтэй бөгөөд зүрх судасны өвчин болон олон төрлийн хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Тамхины хэрэглээг хянах, багасгах арга хэмжээг дэлхийн улс орнууд авч хэрэгжүүлж байна. 2003 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Тамхины хяналтын тухай олон улсын конвенц байгуулж, манай улс 2004 онд энэ конвенцид нэгдсэн. Олон улс орнууд эдийн засгийн хөшүүрэг буюу өндөр татвар ноогдуулах замаар тамхины хэрэглээг бууруулах арга хэмжээ авдаг. Дэлхий дээр тамхинд хамгийн өндөр татвар ноогдуулдаг улс Дани бөгөөд 1997 онд баталсан хуулийн дагуу тус улсад нэг боодол тамхинд 4.02 ам.долларын татвар ноогдуулдаг.

Зураг: Тамхины утаан дахь химийн бодис хөхний сүүгээр дамжин нярай хүүхдэд  сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

АНУ-д 1971 оноос тамхийг ТВ, радиогоор сурталчлахыг хориглосон. 1992 оноос Австрали тамхины сурталчлгааны бүх хэлбэрийг хориглосон. 1991 оноос Европын холбоо тамхийг ТВ, радиогоор сурталчилахыг хориглосон.  Дэлхийн олон оронд тамхи татахыг, зарахыг зөвшөөрсөн насны доод хэмжээг зааж өгсөн байдаг. Тухайлбал Нидерланд, Австри, Бельги, Дани, Өмнөд Африк зэрэг улсуудад 16 насанд хүрээгүй хүнд тамхи зарахыг хориглодог. Харин Германд 18 насанд хүрээгүй хүнд тамхи зарахыг хориглодог. Их Британи 2007 оны нэг сарын 1-нээс тамхи зарахыг зөвшөөрөх насны доод хэмжээг 18 болгож нэмэгдүүлсэн. АНУ-ын 50 мужийн 46-д нь 18 насанд хүрээгүй бол тамхи зарахыг хориглодог. Харин Юта мужид нь 19 хүрээгүй бол тамхи худалдаж авч болохгүй.

Нидерланд, Франц, Финланд, Норвег, Канад, Австрали, Швед, Португал, Сингапур, Итали, Индонез, Энэтхэг, Литва, Чили, Испани, Исланд, Их Британи, Словен, Мальт зэрэг улсад олон нийтийн газар, тэр дундаа баар,  ресторанд тамхи татахыг хориглосон. 2008 оны гуравдугаар сарын 31-нд Канадад олон нийтийн газрын 10 метрийн ойр тамхи татахыг хориглосон хууль батласан. 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс Хонгконгод баар, ресторан, караоке, байшин дотор, олон нийтийн паркад тамхи татахыг хориглосон.

Манай улс 2005 оны долдугаар сард Тамхины хяналтын тухай хууль баталсан. Уг хуулиар тамхины хор нөлөөг мэдээлсэн бичгийг тамхины хайрцагны гадна талбайн гуравны нэгээс дээш зайг эзлэх ёстой гэж заасан ба 18 нас хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориглосон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет, бусад арга замаар тамхи сурталчлахыг хориглосон. Нийтийн тээврийн хэрэгсэл дотор тамхи татахыг хориглосон. Нийтийн хоол, худалдаа, үзвэр, үйлчилгээ, баар, цэнгээний газрын тусгай зөвшөөрсөн хэсгээс бусад газар тамхи татахыг хориглосон. Мөн хоёр ба түүнээс дээш үйлчилгээний танхимтай нийтийн хоолны газар тамхи татдаггүй хүмүүст зориулсан тусгай танхим ажиллуулах ёстой гэж хуулинд заасан байдаг юм.  
Ийнхүү манай улсад хууль эрх зүйн орчин бүрэлдсэн хэдий ч үйлчилгээний газрууд, тэр дундаа баар, ресторан, пааб, диско газрууд хуулийн цоорхой ашиглан, орлогоо бодоод нийтийн үйлчилгээний зааланд тамхи татахыг хориглолгүй зөвшөөрдөг бөгөөд дээр нь агааржуулалтын систем муутайгаас үйлчилгээний газрууд үнэндээ “тамхичдад ээлтэй орчин” болж хувирдаг. Ийнхүү баар, диско зэрэг залуучуудын чөлөөт цагаараа орж болох цөөхөн газар нь тамхины цэнхэр утаа баагиастай. Тэнд орж “цэнгэн хөгжилдсөн” залуучуудын хувцас үсэнд хэдхэн цагийн дараа тамхины хөхүүн утаа нэвчсэн байдаг. Хувцас тийм болж байхад тийм орчинд байсан уушиг ямар болох нь ойлгомжтой. Тиймээс хуулиа эргэн харж, цоорхойнуудыг нь битүүлэн тамхиний хэрэглээг хязгаарлаж, олон нийтийн газар тэр дундаа баар, ресторан, дисконы газруудад тамхи татахыг хориглодог хууль тогтоомжоо сайтар мөрдөн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тамхи татаж өөрийгөө хордуулах нь тамхичдын өөрсдийнх нь сонголт, эрх ашиг хэдий ч тамхи татдаггүй иргэдийн эрх ашгийг марталгүй хамгаалах  хэрэгтэй.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж