Энэтхэгт 50 жил гацсан хятад эр нутагтаа харьжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.12-нд нийтлэгдсэн

Энэтхэгт 50 жил гацсан хятад эр нутагтаа харьжээ

Ван Чи эх орондоо очиж, гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ.

Энэтхэгээс гарч чадалгүй 50 жилийг харь нутагт өнгөрүүлсэн хятад эр эх орондоо очиж, гэр бүл, төрөл садантайгаа уулзжээ.

1963 онд санамсаргүй байдлаар Энэтхэгийн хил давсан гэх Хятадын иргэн Ван Чи бичиг баримтгүй, Энэтхэгээс гарах зөвшөөрөлгүй байсан учраас тус улсаас гарч чадахгүй байсан гэнэ. Түүний талаар ВВС өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд мэдээлэл бэлтгэн нийтэлсэн бөгөөд үүний дагуу Хятадын дипломат ажилтнууд иргэнээ эх оронд нь буцаахаар хөөцөлдөж, ийнхүү биеллээ олжээ.

Ван овогтыг Бээжинд гэр бүлийнхэн нь угтан авсан байна. Дараа нь төрөлх Сяньян хотдоо очиход нь нутгийн иргэд “Гэртээ тавтай морил, цэрэг минь! Хүнд аялал байсан нь гарцаагүй” зэрэг бичиг барин тосчээ.

Тэрбээр Дели хотоос нас биед хүрсэн хүүхдүүдийн хамт гэртээ харьсан гэнэ. Тэднийг Делид их дэлгүүрт явж байхад нь Хятадын албаны хүмүүс олж очоод, сайхан мэдээ дуулгажээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас Ван Чийг тус улсын нутаг дэвсгэрээс гарахыг зөвшөөрсөн бичиг баримт олгосон байна. Мөн түүний гэр бүлийнхэнд Энэтхэгийн иргэний пасспорт олгосон тул хэрэв хүсвэл түүнтэй хамт Энэтхэгээс явж болох гэнэ. Гэвч Ван Чигийн эхнэр, Энэтхэгийн иргэн Сушила биеийн байдлын улмаас Хятад руу хамт явж чадаагүй аж.

Ван Чи Энэтхэгт байгаа гэр бүл рүүгээ эргэн очих эсэх талаараа ярьсангүй.

Ван овогтын ээж нь 2006 онд нас баржээ.

Ван Чи Энэтхэг рүү буцаж очих эсэх нь тодорхойгүй. Түүнд хэзээ ч Энэтхэгийн иргэншил олгоогүй бөгөөд тус улсын засаг захиргаа 2013 онд Хятад иргэний пасспорт олгожээ.

Ван овогтын ярьснаар тэр Хятадын армийн зам тавих ажилд оролцож яваад 1963 оны нэгдүгээр сард санамсаргүйгээр Энэтхэгийн хилийг даваад, баривчлагджээ. “Би тэрэг түрээд баазаасаа гарсан боловч төөрчихсөн. Өлсч, цангаад, ядарч явахдаа Улаан загалмай нийгэмлэгийн машинтай таарч, тусламж гуйсан юм. Тэд намайг Энэтхэгийн армид тушаасан” гэж Ван ярьжээ.

Удаахь зургаан жилд Ван хэд хэдэн шорон дамжин хоригдож явсаар 1969 онд Энэтхэгийн шүүхийн шийдвэрээр суллагдсан байна. Цагдаа нар түүнийг Мадхя Прадеш мужийн захад орших Тироди гэх жижиг тосгонд аваачжээ. Түүнийг Энэтхэг улсаас гарахыг хориглосон байна.

Амь зуухын тулд гурилын үйлдвэрт ажиллаж байсан тэр энэтхэг бүсгүйтэй гэрлэж, гэр бүлтэй болжээ. Хөршүүд нь тэднийг ядуу зүдүү, хэцүүхэн амьдралтай гэж ярьсан байна.

Ван Чи 1960 онд Хятадын Ардын чөлөөлөх армид татагджээ.

Тэрбээр 1975 онд Сушила гэх энэтхэг эмэгтэйтэй гэрлэсэн байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж