-"Гэрээлэгч аль нэг тал хэлцлээсээ ухарснаар нөгөө тал нь Английн болон Уэльсийн хуулийн дагуу Сингапурын олон улсын худалдааны шүүхэд хандаж, нөгөө талаасаа хохирлоо барагдуулах, шүүхийн зардлаа нэхэмжлэх магадлалтай" гэж “Ростек”-ийн захидалд дурьджээ-
УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргахын өмнө Монголын улс төрд үүсээд байгаа асуудлаар өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын “Ростех” улсын төрийн өмчит корпорациас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хандаж захидал илгээжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад уг захидлыг хувилаад, “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж, “Монголын зэс” компанийн эзэмшлийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргасан чуулганы хуралдааны үеэр гишүүдэд тараасан байдаг.
ЗАХИДЛЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СИЙРҮҮЛБЭЛ,
“Эрхэмсэг ноён Ж.Эрдэнэбат танаа
Танд хүндэтгэлээ илэрхийлэн мэндчилж, “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” /цаашид компаниуд гэх/ Монгол-Оросын хамтарсан компаниудын үйл ажиллагааг дэмжиж, үр өгөөжтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэхийн ялдамд дараахи зүйлийг мэдээлэхийг зөвшөөрнө үү.
2016 оны зургадугаар сард “Ростех” улсын корпораци “Монголиан коппер корпорэйшн” компанид /худалдан авагч гэх/ өөрийн эзэмшлийн 49 хувийг зарах тухай гэрээ /цаашид гэрээ болон хувьцаа гэх/ байгуулсан билээ.
Энэхүү гэрээг байгуулахдаа талууд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, ОХУ болон Монгол Улсын хууль тогтоомж болон компанитай холбогдуулан Засгийн газар хоорондын гэрээнүүдийг мөрдлөг болгосон.
Өнөөдрийн байдлаар гэрээний нөхцөлүүдийг бүрэн хэрэгжүүлсэн. Хувьцааны төлбөр хийгдсэн, өмчлөлийн эрх нь худалдан авагчид шилжсэн. Гэрээ байгуулсны дараа талууд хэлцлээсээ татгалзах эрхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Гэрээлэгч аль нэг тал нь хэлцлээсээ ухарснаар, нөгөө тал нь Английн болон Уэльсийн хуулийн дагуу Сингапурын олон улсын худалдааны шүүхэд хандаж, нөгөө талаасаа хохирлоо барагдуулах, шүүхийн зардлаа нэхэмжлэх магадлалтай.
Хэлцэлд өөрчлөлт оруулах, эсвэл хэлцлийн үр дүнгийн талаар маргах аваас Монгол улсын олон улсын нэр хүнд болон хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд хэлцэл байгуулах тухай шийдвэрийг хоёр улсын засгийн газраас гаргасныг харгалзан, Монгол Улс ОХУ-ын нэр хүндэд хохирол учруулж болзошгүй.
Иймд манай хоёр улсын сайн хөршийн харилцааг үндэслэн цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх ирээдүйтэй байгаа зэргийг харгалзан, дээр дурдсан мэдээллийг анхааралдаа авахыг танаас хичээнгүйлэн хүсч байна.
Танд гүн хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд манай цаашдын хамтын ажиллагаа амжилттай хөгжинө гэж найдаж буйгаа илэрхийлж байна” хэмээн “Ростек” захидалдаа дурджээ.
ЗАХИДЛЫН ЭХ ХУВИЛБАР
Б.БАТ