Өмнөговь аймгийн хэмжээд өнөөдрийн байдлаар уул уурхайн 12 компани үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн Оюу толгой, Таван толгой, Нарийн сухайт зэрэг компаниуд нь Өмнөговь аймгийн төдийгүй Монгол улсын стратегийн ач холбогдолтой орд газруудад хамрагддаг. Энэхүү орд газруудын манай аймаг руу чиглэсэн ашиг орлогыг нэмэгдүүлэх үүднээс бүх компаниудтай ХАМТРАН АЖИЛЛАХ ГУРВАЛСАН ГЭРЭЭГ байгуулах чиглэлээр олон ажлуудыг хийж байна. Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Гурвантэс, Ноён сумдад “хамтын ажиллагаа хөгжлийн ирээдүй” уул уурхайн компани, нутгийн захиргааны байгууллага, иргэд гэсэн гурвалсан уулзалтыг зохион байгуулж, хамтран ажиллах гэрээнд тусгах, иргэд олон нийтийн саналуудыг сонслоо.
Уул уурхайн компаниудтай сумдад тоосжилт их, түүнээс үүдсэн хүн малын өвчлөл гарч болзошгүй, нөхөн сэргээлт хийгдэхгүй байна, нөхөн олговрыг олгохгүй байна, орон нутгаас ажилчид авдаггүй гэсэн асуудлууд тулгамдаж байна. Гурвалсан гэрээг байгуулснаар ажлын байр, ханган нийлүүлэлт нэмэгдэж хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт эрчимжиж нийгэм эдийн засгийн байдал сэргэж, нийт Өмнөговьчуудын амьдрал ахуй сайжирна.
Гурвалсан гэрээг байгуулахдаа үндсэн 3 зарчмыг тусгаж өгнө. Нэгд ажлын байрыг нэмэгдүүлэх, ялангуяа Өмнөговь аймгийн иргэдийг ажилд түлхүү авах. Арван жилийн дараа тухайн компаниудын ажиллах хүчний 50-аас доошгүй хувийг манай аймгийн иргэд эзэлдэг болно. Хоёрт орон нутгийн ханган нийлүүлэгч компаниудаас худалдан авалт хийх. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниудад орон нутгийн ханган нийлүүлэлтийг хийдэг компаниудыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих цаашлаад өрхийн орлогыг сайжруулах. Гуравт орон нутагт томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийлгэх зэрэг үндсэн зарчмыг тусгаж гэрээг байгуулна.