Ерөнхийлөгчид нэр дэвшигч тавдугаар сард тодорно

Хуучирсан мэдээ: 2017.02.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид нэр дэвшигч тавдугаар сард тодорно

Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлон зарласан. Энэ нь санал хураалт болохоос 150 хоногийн өмнө сонгуулийн тов тогтоох ёстой хуулийн хугацаатай холбогдон гарч буй юм байна. Харин гадаадад амьдран сууж буй иргэд зургадугаар сарын 10, 11-нд дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан саналаа өгөх нь.

Онцлоход, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ.

Ингээд СЕХ-ны гүйцэтгэх бэлтгэл ажлын хугацааг хүргэж байна.

Нэгдүгээр сард: Сонгууль товлон зарлах, санал авах өдрийг товлон зарлана.

Хоёрдугаар сард: Сонгуулийн хэсгийн хороог санал авах өдрөөс 120-оос доошгүй хоногт багтаан байгуулна гэж хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 26-наас өмнө хэсэг байгуулах ёстой юм байна.

Хэсгийг сум, дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчид тогтоож, эхний шийдвэрээ Оюуны өмч, улсын бүртгэлийн газар ирүүлж байгаа аж.

Мөн энэ сарын 26-наас өмнө Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож, нийтэд зарлах аж.

Гуравдугаар сард: Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг сургалтад хамруулах аж. Журамд зааснаар сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны судалгааг гуравдугаар сарын 10-ны дотор СЕХ-нд ирүүлэх ёстой юм байна.

Дөрөвдүгээр сард: Аймаг, нийслэл, сум дүүрэгт байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороо байгуулагдах аж.

Тавдугаар сард: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил явагдана.

Зургадугаар сард: Саналын хуудас бэлдэх, санал тоолох машинаа програмчлах, хүргүүлэх ажил явагдах юм байна. Мөн сонгуулийн сурталчилгаа явагдах аж.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг энэ удаагийн сонгуулиар зөвшөөрч байгаа юу?

-Сонгуулийн тухай хууль УИХ-ын сонгуулиар хэрэгжиж байсан хэвээр мөрдөгдөнө. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах саналаа бид УИХ-д хүргүүлсэн боловч цаг хугацааны хувьд боломжгүй гэж үзээд хойшлуулсан. Тиймээс сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Монгол Улс нэг тойрог болж сонгууль явагдах тул санал зарчмын хувьд ялгаа байхгүй.

-Гадаадад байгаа иргэдийн саналыг 2012, 2013 онд авсан. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдээс санал авахын тулд одооноос бэлдэж байна. Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж бүртгэл явагдаж байгаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш гадаадад байгаа иргэд цахимаар бүртгүүлэх боломжтой болсон. Тиймээс сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэх үүднээс бүх боломжоо ашиглана.

Гэрэл зургийг Ц.Ариунболд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж