Үерт амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн Солонгосыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.31-нд нийтлэгдсэн

Үерт амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн Солонгосыг зорьжээ

Өмнөд Солонгост болсон их үерийн улмаас тус улсын Кёнгидү орчимд амьдардаг хоёр монгол эмэгтэй амиа алдсан тухай бид мэдээлсэн билээ. Хоёр эмэгтэй хөрш айлынхаа өндөр настай солонгос эмэгтэйд тусалж байгаад нурангид дарагдаж, нас барсан гэх мэдээлэл байгаа юм. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хөтлөн явуулдаг нэгэн мэдээллийн сайтын мэдээллээр талийгаачийн нэг нь 35 настай Даваа гэдэг, нөгөөх нь 18 настай Уугангоо гэх охин байжээ. Хүнд тусалж яваад амиа алдсан Монгол улсын иргэн Даваа нь хоёрхон сарын өмнө Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдрахаар харь нутгийг зорьсон бол Уугангоо охин 2009 онд Солонгосын иргэн болж өнгөрсөн тавдугаар сард Солонгосын иргэний үнэмлэхээ авсан гэнэ. Өнгөрсөн баасан гаригт талийгаач охиныг Кёнги ду, Сонгнам шид байрлах оршуулгын газарт чандарласан бол талийгаач Давааг Монголоос түүний гэр бүлийнхнийг ирсний дараа оршуулах тухай тус сайтад мэдээлсэн байсан юм. Тэгвэл харь улсад байгалийн гамшигт өртөн амь насаа алдсан түүний ар гэрийнхэн Гадаад харилцааны яамтай холбогдож, БНСУ-ын элчин сайдын яаманд хандан яаралтай виз гаргуулснаар өчигдөр Өмнөд Солонгосыг зорьжээ. Одоогоор тус бүс нутагт амьдарч буй монголчуудын тоо тодорхой бус байгаа бөгөөд дахин монгол хүний амь нас осолдсон гэх мэдээлэл ирээгүй байгаа ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж