Швейцарь иргэншил олгох журмаа зөөлрүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.02.12-нд нийтлэгдсэн

Швейцарь иргэншил олгох журмаа зөөлрүүлэх үү?

Энэ шинэчлэл хяналтгүй иргэншилд хүргэнэ гэж эсэргүүцэгчид шүүмжилж байна.

Швейцарийн иргэншил олгох хатуу чанга журмыг зөөлрүүлэх эсэх асуудлаар тус улсын иргэд өнөөдөр /2017.02.12/ саналаа өгч байна.

Тус улсын хуулиар Швейцарьт төрсөн хүүхэд тус улсын иргэн болдоггүй, мөн гадаадын иргэд 12 жил амьдарсны эцэст байнгын оршин суух эрх хүсэх боломж нь нээгддэг аж. Үүний тулд олон шалгалт, засгийн газрын ярилцлагад оролцохоос гадна их хэмжээний мөнгө төлөх шаардлагатай байдаг гэнэ.

Одоо шинэчлэх гэж буй журмаар гурав дахь үеийн цагаач иргэдийг энэ хүнд шалгуураас чөлөөлөх аж. Ингэснээр эцэг, эх болон өвөг эцэг, эмэг эх нь Швейцарьт тогтмол оршин суудаг бол Швейцарьт төрсөн хүүхдэд шууд тус улсын иргэншил олгох юм байна.

Одоо мөрдөгдөж буй журмаар орон нутгийн зөвлөл нь тухайн хүнд иргэншил олгох эсэхийг шийддэг. Үүний тулд хэд хэдэн ярилцлага авах бөгөөд орон нутагт үйлдвэрлэдэг бяслагийн нэр, уул, усны нэр гэх мэт олон асуулт асуудаг аж.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Швейцарийн иргэншил олгох үйл явцыг зөөлрүүлэх оролдлого гурван удаа гарсан ч тухай бүртээ амжилт олоогүй байна. Энэ удаад томоохон хотууд журмыг зөөлрүүлэхийг дэмжиж байгаа бол илүү хуучинсаг, хөдөө тосгодод эсэргүүцэлтэй тулгарч буй ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж