Хойд Солонгос баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын цэргийн албаны хүн мэдэгдсэн байна. Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 12-ны ням гаригийн 07.55 цагт Хойд Пёнган муж дахь Бангён агаарын баазаас харвасан баллистик пуужин 500 км зам туулаад Япон тэнгист унажээ. Дундын зайн тусгалтай пуужин байсан гэж Өмнөд Солонгосын албаны хүн мэдэгдсэн байна.
Пуужин Японы усан хилд хараахан хүрээгүй, гэхдээ Японы зүгээс Хойд Солонгосын эсрэг хүчтэй байр суурь баримтлах болно гэж тус улсын Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдлээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ажлаа хүлээж авснаас хойш Хойд Солонгос анх удаа пуужин харвасан нь энэ юм. АНУ тус улсын талаар ямар бодлого баримтлахыг тандах зорилгоор Пхеньян пуужин харвасан байж болзошгүй гэж шинжээчид дүгнэж байна. Вашинтоны зүгээс хараахан мэдэгдэл гаргаагүй байгаа юм.
С.ЦЭЛМЭГ