Хэн хэдийг амлаад, хэн хэдийг өгөв?

Хуучирсан мэдээ: 2017.02.15-нд нийтлэгдсэн

Хэн хэдийг амлаад, хэн хэдийг өгөв?

-Б.Осоргарав амласан мөнгөө хандивлажээ-

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав саяхан /2017.01.30/ Монголын ард түмэн, бүх аж ахуйн нэгж, байгууллагыг эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө хандивын хөдөлгөөнд уриалсан. Түүний уриалга, санаачилгыг хүмүүс янз янзаар хүлээн авч, хандив өгнө, өгөхгүй, хэрэгтэй, хэрэггүй гэж хэсэг шуугисан билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гавьяат эдийн засагчийг хүлээн авч “Төр засаг иргэдээсээ хандив гуйхдаа хараахан тулаагүй” гэж мэдэгдсэн ч тун удалгүй Сангийн яам хандивын данс нээсэн.

Уг дансны анхны хандивлагч нь мэдээж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байсан. Тэрбээр хоёрдугаар сарын 3-ны өдөр амласан 100 сая төгрөгөө хандивын дансанд шилжүүлжээ. Тэр өдөр эрхэм түшээгээс гадна хоёр хүн хандив өргөсөн нь иргэн Пүрэв-Очир /5000 төгрөг/, Ч.Батзаяа /9900 төгрөг/ нар юм. Харин гавьяат эдийн засагч Б.Осоргарав амласан 10 сая төгрөгөө хоёрдугаар сарын 6-ны өдөр өгсөн нь Сангийн яамны шилэн данснаас харагдаж байна. Хоёрдугаар сарын 10-ны өдөр гаргасан мэдээллээр хандивын дансанд нийтдээ 127,149,890.00 /нэг зуун хорин долоон сая нэг зуун дөчин есөн мянга найман зуун ерэн/ төгрөг цуглажээ. 18 удаагийн гүйлгээгээр энэхүү мөнгө бүрдсэн бөгөөд тэдгээрийн дотор давтан хандив өргөгч цөөнгүй байна. Чимэдгочоо овогтой Батзаяа гэдэг хүн 14900, 9900, 2900 төгрөгийн хандивыг гурван удаа шилжүүлж, өөрийнхөө нэрийг ММ:Батзаяа хэмээн тодотгожээ.

“Гавьяат эдийн засагч Б.Осоргарав санаачлага биеллээ олж эхэллээ. Түүнийг хамгийн түрүүнд дэмжсэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хамгийн эхний хандивлагч болсон. Харин тэр үед дуу нэгдэн дэмжиж байсан "МОННИС" групп /100 сая төгрөг/, "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ /30 мянган ам.доллар/ нарын чимээ сураг алга. Бодвол боломж бололцоо, мөнгө төгрөгийн хүрэлцээгээ тооцож байгаад хандиваа өгчих биз дээ.”

Ардын багш Дүгэр 200 мянган төгрөг, иргэн Б.Ганжигүүр, П.Энхбат нар тус бүр 50 мянган төгрөг, 9911 дугаар бүхий иргэн 500 мянган төгрөг, Төгсмөнх, Мөнхболд нарын гэр бүлээс 10-100 мянган төгрөгийг хандивын дансанд илгээжээ. Албан байгууллага, аж ахуйн нэгжийн салхийг хагалж “Мартай” нөхөрлөлөөс 108 мянган төгрөг хандивласан бол тэдний араас “Монголын төмөр зам” ХК-ийн ажилтан албан хаагчид нэг өдрийн цалин болох зургаан сая төгрөгийг эх орноо хямралаас гаргах хандивт хаяглан өгөөд байна. Хувь хүмүүсээс өндөр хэмжээний хандив өгсөн хүн бол өндөр настан Хайдавын Содномванчиг юм. Тэрбээр хоёрдугаар сарын 9-ний өдөр 10 сая төгрөгийг хандивын дансанд хийсэн байх бөгөөд энэ мөнгө эх орны маань ирээдүйд гэрэл гэгээ нэмнэ гэсэн итгэл тээж буй нь мэдээж. Хандивын дансны зарлага мэдээлэгдээгүй бөгөөд хараахан зарцуулж эхлээгүй гэсэн таамаг байна. Мэдээж орлогыг ил тод зарлан бүртгэсний адил зарлага ч олон нийтэд ил тод байх биз ээ.

Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачлага биеллээ олж эхэллээ. Түүнийг хамгийн түрүүнд дэмжсэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хамгийн эхний хандивлагч болсон. Харин тэр үед дуу нэгдэн дэмжиж байсан "МОННИС" групп /100 сая төгрөг/, "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ /30 мянган ам.доллар/ нарын чимээ сураг алга. Бодвол боломж бололцоо, мөнгө төгрөгийн хүрэлцээгээ тооцож байгаад хандиваа өгчих биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж