Элчин сайдыг хөнөөсөн зураг шилдгээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

Элчин сайдыг хөнөөсөн зураг шилдгээр шалгарчээ

“World Press Photo” сангаас 2016 оны дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зургуудыг гаргалаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Турк дэх ОХУ-ын Элчин сайд агсан Андрей Карловыг хөнөөсөн гэрэл зураг оны шилдэг зургаар шалгарсан байна.

Өнгөрөгч онд хэвлэлийн хуудаснаа нийтлэгдсэн хамгийн чанартай, чансаатай, өгүүлэмжтэй гэрэл зургуудыг найман өөр ангиллаар шилдгийг нь шалгаруулдаг. 1955 оноос эхтэй тус уралдаанд энэ жил 80 мянга гэрэл зураг ирүүлсэн бөгөөд зохион байгуулагчид 25 орны 45 гэрэл зурагчны бүтээлд шагнал олгожээ.

ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ – “Турк дэх аллага”. Гэрэл зургийг Бурхан Озбилиси.

Туркийн Анкара хотод болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг буудаж хөнөөсөн юм. 2016.12.19. Үзэсгэлэнгийн нээлтийн зураг авахаар очсон байсан “Associated Press” агентлагийн гэрэл зурагчин Бурхан Озбилиси энэ харгис аллагын гэрч болжээ. “Мэдээж би айж байсан. Алуурчин бууны амаа над руу чиглүүлж мэдэх аюул байсан. Гэхдээ хэсэгхэн зуурт овсгоо гаргаж, гэрэл зургийг нь авч амжсан” гэж тэр ярьсан байна.


ЧУХАЛ СЭДВҮҮД ангиллын тэргүүн байр – “Батон-Руж дэх эсэргүүцэл”. Гэрэл зургийг Жонатан Бахман.

Орон гэргүй өнгөт арьст Алтон Стерлингийг цагдаа нар буудаж хороосныг эсэргүүцсэн Лешиа Эванс бүсгүйг Луизиана мужийн Бато-Руж дэх цагдаагийн хэлтсийн төв байрны дэргэд баривчилж байна. 2016.07.09


ЧУХАЛ СЭДВҮҮД ангиллын дагнасан гэрэл зургийн тэргүүн байр – “Зогсоо хад”. Гэрэл зургийг Амбер Бракен. Дакота дахь бослогын үеэр.


ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛ ангиллын тэргүүн байр – “Мартагдсан дайны чимээгүй хохирогчид”. Гэрэл зургийг Паул Бронстейн.

Афганистаны Кабул хотын эмнэлэгт Шабир гэх хоёр настай зээ дүүгээ тэврэн суугаа Нажиба. Гуравдугаар сарын 29-нд болсон дэлбэрэлтээр Шабир гэмтэж, эгч нь амиа алджээ. Хүүгийн ээж эгчийг нь оршуулахаар явсан тул Нажиба зээ дүүгээ эмнэлэгт сахиж суугаа нь.


ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛ ангиллын дагнасан гэрэл зургийн тэргүүн байр – “Өөрчлөлтийн ирмэг дээрх Куба”. Гэрэл зургийг Томас Мунита.

Арванхоёрдугаар сарын 3-нд Фидель Кастрог оршуулах гашуудлын цуваа явж өнгөрөхийг хүлээн зогсоо Кубын Залуучуудын хөдөлмөрийн армийн гишүүд. Кубын удирдагч агсан Кастро арваннэгдүгээр сард нас барсан билээ.


ЕРӨНХИЙ МЭДЭЭ ангиллын тэргүүн байр – “Мосул дэх дайралт”. Гэрэл зургийг Лорен Ван дер Стокт.

Иракийн Мосулд орогнох газар хайж яваа Иракийн цэргүүдийг харсан хүүхдүүд. 2016.11.02.


ЕРӨНХИЙ МЭДЭЭ ангиллын дагнасан гэрэл зургийн тэргүүн байр – “Тэд биднийг амьтад шиг хядаж байна”. Гэрэл зургийг Даньел Берехулак.

Филиппиний Манилад буудуулж амиа алдсан гэмт хэргийн газарт мөрдөн байцаагчид ажиллаж байна. 37 настай Ромео Жоел Торрес Фонтанилла гэгчийг мотоцикль унасан үл танхих хоёр зэвсэгт этгээд гудамжинд буудаж хөнөөжээ.


УРТ ХУГАЦААНЫ ТӨСӨЛ ангиллын тэргүүн байр – “Украины бараан өдрүүд”. Гэрэл зургийг Валерий Мелников.

Украины Луганская тосгонд агаарын цохилтын улмаас шатаж, сүйдсэн байшингаас оршин суугчид зугтаж байгаа нь.


БАЙГАЛЬ ангиллын тэргүүн байр – “Занганд орсон каретта”. Гэрэл зургийг Франсис Перез.

Испанийн Канарийн арал дахь Тенериф эргээс холгүй загасны торонд орсон каретта яст мэлхий. 2016.06.08.


БАЙГАЛЬ ангиллын дагнасан гэрэл зургийн тэргүүн байр – “Хирсний дайн”. Гэрэл зургийг Брент Стертон.

Өмнөд Африкийн дархан цаазат газарт гэмт этгээдүүд хууль бусаар нэвтэрч, эврийг нь авахын тулд хирсийг хөнөөжээ.


ХҮМҮҮС ангиллын тэргүүн байр – “Исламын улсын ард хоцрогсод”. Гэрэл зургийг Магнус Веннман.

Ирак дахь дүрвэгсдийн кэмпэд ноорхой дэвсгэр дээр хэвтэж буй таван настай Маха охин. Исламын улс бүлэглэлийн дайралт, хоол хүнсний гачигдлын улмаас Маха охины гэр бүлийнхэн төрөлх тосгоноосоо дайжжээ. Ээж нь толгойг нь илэх зуур Маха “Би мөрөөддөггүй, бас юунаас ч айхгүй болсон” гэж ярьжээ.


ХҮМҮҮС ангиллын дагнасан гэрэл зургийн тэргүүн байр – “Аникин”. Гэрэл зургийг Майкл Винс Ким.

Мексикийн Прогресо боомт дахь солонгос эр.


СПОРТ ангиллын тэргүүн байр – “Саад”. Гэрэл зургийг Том Женкинс.

Английн Ливерпуль хотод болсон “Grand National steeplechase” хэмээх саадтай морин уралдааны тэмцээний үеэр Нина Карберри мориноосоо унаж буй агшин.


СПОРТ ангиллын дагнасан гэрэл зургийн тэргүүн байр – “Хөвгүүд бол хөвгүүд”. Гэрэл зургийг Жиованни Каприотти.

“Muddy York” багийн регбийн тамирчид жил бүр зохион байгуулдаг хандивын арга хэмжээний үеэр Торонтод. “Muddy York” нь Торонтогийн анхны ижил хүйстнүүдээс бүрдсэн регби клуб ажээ. 2016.11.05.


ХАЛУУН ЦЭГЭЭС ангиллын тэргүүн байр – “Пакистаны дэлбэрэлт”. Гэрэл зургийг Жамал Таракай.

Пакистаны Куэтта дахь эмнэлгийн гадна болсон дэлбэрэлтийн дараа. Дэлбэрэлтээр 70 гаруй хүн үрэгдсэн бөгөөд тэдний дийлэнх нь хуульч, сэтгүүлч нар байжээ. Тэд өмнөх өдөр нь алагдсан хуульч Билал Каситай салах ёс гүйцэтгэхээр эмнэлэгт очсон байв. 2016.08.08

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж