Сар шинийн бөхийн барилдааныг “Бөхийн өргөө”-нд очиж үзэхдээ монгол эрчүүд дуртай байдаг. Хамгийн олон үзэгчтэй, маш их эрэлт хэрэгцээтэй цагаан сарын бөхийн тасалбарыг олж авах нь харин том асуудал.
Бөөн эрэл, сурал болсоор эцэстээ битүүний өдөр өглөөнөөс орой хүртэл “Бөхийн өргөө”-гөө нураачих шахан дугаарлаж, тэнд бараг зодоон, цохион ч болдог. Энэ жил ч гэсэн зөвхөн битүүний өдөр улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааны тасалбарыг борлуулахаар болжээ.
Наадам, цагаан сар зэрэг бүх хүмүүс бөхөд анхаарлаа хандуулдаг үеийн барилдааны тасалбарыг боловсронгуй хэлбэрээр худалдаалахад бүх зүйл уг нь нээлттэй.
Өнөөдөр нийслэлд болж байгаа ихэнх тоглолтын тасалбарыг онлайнаар борлуулж байна. Тэр ч бүү хэл үнэгүй хүргэлтээр үзэгчдийн гар дээр ирж байна.
Ийм байтал заавал битүүний өдөр, өвлийн хүйтэнд үзэгчдийн цаг заваас хомслох шаардлага байна уу. Ер нь бол хоцрогдсон хэлбэр. Тэгээд ч бөхийн тасалбарыг бөөндөж аваад зардаг шагчдын асуудал ч арилна. Хэдийгээр Бөхийн холбооноос шагийн билет гаргахгүйн тулд олон ширхэгээр зарахгүй байх зэрэг арга хэрэглэдэг ч билет дамладаг хүмүүс сүлжээ, зохион байгуулалтад орсон болохоор алга болоогүй байгаа. Касснаас тасалбар аваад дамладаг шагчид гэлтгүй, түүнийг хариуцан ажиллаж байгаа шат шатны хүмүүст тасалбар наймаалцах арга, шахаа байдаг гэж үзэгчид харддаг. Бодит жишээ нь, наадмын тасалбарын борлуулт байна.
Наадам болдог. Төв цэнгэлдэх хүрээлэн 10 мянга хүний багтаамжтай. Өнгөрсөн жил гэхэд наадмын тасалбарыг Соёлын төв өргөө, “Бөхийн өргөө”-гөөр дамжуулан 4800 орчмыг зарахаар зохицуулж байсан. Тэдгээр тасалбарыг гурав хоногийн хугацаанд зарж борлуулахдаа өдөрт 1000 ширхэгийг зарна гэхчлэн хуваарилдаг. Гэтэл кассын гадна хонон өнжин дугаарласан иргэд энэ тоонд эргэлздэг. Тооцож үзээд, нэг хүнд дээд тал нь дөрвөн тасалбар зарна гэсэн мөртөө өдөрт 200 ч хүрэхгүй хүнд үйлчилж байна гэхчлэн гомдол гаргадаг. Тасалбар худалдаж борлуулсан мэдээлэл ил тод биш учраас борлуулагчдыг хардах нөхцөл байдал үүсэх нь тодорхой.
Өнгөрсөн жилийн наадмын үеэр “Бөхийн өргөөн дэх наадмын тасалбар борлуултыг хариуцаж байсан Хотын захиргааны ажилтан касс руу тасалбар оруулж өгөхөөсөө өмнө өөр хүнд хайрцагтай тасалбар шилжүүлсэн. Тэр нь дандаа хамгийн эрэлттэй суудлууд байсан” гэх мэт батлагдсан, батлагдаагүй олон асуудал үүсч байв. Кассанд очоод тасалбар авах гэхээр суудал, байрлал сайтай хэсгүүд нь байхгүй, дандаа хямд үнэтэй, хол суудлууд үлдсэн байдаг гэх зүйл ч мөн гардаг.
Энэ мэтчилэн наадам, цагаан сарын бөхийн барилдааны тасалбарыг онлайнаар худалдах аргагүй нөхцлүүд байсаар байхад заавал “Бөхийн өргөө”-ний кассаар зарж, олныг бужигнуулах хэрэг юунд байна вэ?
Наадам, цагаан сарын бөхийнхөө тасалбарыг онлайнаар худалддаг болъё.
ГАЛ ТАХИА ЖИЛИЙН САР ШИНИЙН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
Хоёрдугаар сарын 23
Сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаан. Тасалбарын үнэ 3000 төгрөг
Хоёрдугаар сарын 24
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. Тасалбарын үнэ 5000 төгрөг
Хоёрдугаар сарын 25
Өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан. Тасалбарын үнэ 1000 төгрөг
Хоёрдугаар сарын 26
Улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан. Тасалбарын үнэ 20-25 мянган төгрөг
Б.БАЯСАХ