БНХАУ-ын нутаг Ганц модны боомтод Монголоос ачаа хүргэсэн 4000 орчим жолооч нутагтаа буцаж ирж чадахгүй түгжрээд байгаа тухай өдөр тутмын сонинд мэдээлжээ. Уг мэдээлэлд дурдахдаа “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ганц модны боомтод БНХАУ-ын иргэн мотоциклтой явж байгаад осолд орж өөд болсноос шалтгаалан Монголын жолооч нарыг саатуулан шалгаж байна. Бямба гаригаас эхлэн хүнд даацын машинуудыг Монгол руу гаргахгүй байгаа” тухай дурджээ.
Бид энэ талаар албаны эх сурвалжаас хариу хүслээ. Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-ын Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвийн дарга Г.Баасандоржоос тодруулан асуухад:
-Гашуунсухайт, Ганц модны боомтод олон тооны машиныг нэвтрүүлэхгүйгээр саатуулсан тохиолдол байхгүй. БНХАУ-ын иргэн нас барсан хэргийг тухайн улсын хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа болов уу. Уг хэрэгтэй холбогдуулан монголчуудыг саатуулсан зүйл байхгүй. Хил гаалиар нэвтрүүлэхгүй байх тухай албан ёсоор манай улсад хандаагүй. Тиймээс хэвлэлүүд ямар эх сурвалжаас уг мэдээллийг авч нийтэлснийг бид мэдэхгүй байна. Өнөөдрийг хүртэл Гашуунсухайт, Ганц модны боомт хэвийн ажиллаж байгаа гэлээ.
Д.ЦЭЭНЭ