Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт”-ийн шийдвэр эцсийнх биш

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт”-ийн шийдвэр эцсийнх биш

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, тус байнгын хорооны гишүүн Д.Тогтохсүрэн нар өнөөдөр /2017.02.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын намрын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо нийт 20 удаа хуралдаж, бие даасан хоёр хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 33 хууль, тогтоолыг хэлэлцэн батлуулжээ.

Мөн өнгөрсөн парламентын үед Монгол Улс  олон төсөвтэй явж ирснийг нэг болгосон. Төсвийн орлого, зарлагыг бодитоор тооцох, сахилга бат, хариуцлагын тогтолцоог бий болгоход анхаарч ажилласны зэрэгцээ концессыг хяналтгүй хэрэгжүүлдгийг зогсоож чадсан гэх мэдээллийг өглөө.  


Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа. Та энэ асуудалд эсрэг байр суурьтай байсан?

Ч.ХҮРЭЛБААТАР:

УИХ-аар “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж байх үеэс би байр сууриа илэрхийлсэн.

Нэгдүгээрт, хариуцлага тооцох ёстой улстөрчид нь хаана байна. Хэрвээ тухайн үеийн Засгийн газар “Үгүй” гээд хэлчихсэн бол өнөөдрийн байдалд орохгүй байсан. Тогтоолд тухайн үеийн Ерөнхий сайд, асуудал хариуцсан сайдад хариуцлага тооцох тухай заалт байхгүй.

Хоёрдугаарт, нэг сарын дараа 580 сая ам.доллар төлнө. Монгол Улс өрийн дарамтаараа дэлхийд нэгдүгээрт байрт ороод явж байна. Ийм нөхцөл байдалд их хэмжээний доллар төлөх шийдвэр гаргаж байгаа нь зөв үү. Олон талаас нь харах ёстой байсан.

“Эрдэнэт” дээр сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Яагаад гэвэл 2009 оны долдугаар сарын 7-ний УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шийдвэрээр ураны лицензийг эмхэлж цэгцэлсэн асуудал бий. Зургаан жил олон улсын Арбитрын шүүхээр энэ асуудал яваад 116 сая ам.долларын өрөнд унасан. Энэ бүхнийг эргэцүүлж үзэж байгаад шийдвэрээ гаргах ёстой байсан, энэ байр суурь одоо ч хэвээр.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” колмпани олон улсын Арбитрын шүүх дээр асуудал очиж магадгүй гэж Ерөнхий сайдад захидал ирүүлсэн байна лээ. Энэ тохиолдолд манай талд асуудал шийдэгдэх магадлал хэцүү биз?

-Ямар маргаан яаж үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ "Эрдэнэт" дээр энэ бол эцсийн шийдвэр биш. Эцсийн шийдвэр шүүх дээр гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

-Төсөв өнөөдөр ямар байна вэ?

-УИХ-аар 2017 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед Засгийн газар Монголын эдийн засгийн өсөлтийг 3.5 хувьд хүргэнэ гэсэн. Тавантолгойн төсөл явна, Гачууртын ордыг ашиглана, Оюутолгой төслийг үргэлжлүүлнэ, төмөр замыг барина гэж 2017 оны төсвийн хуулийг батлуулсан. Хэрвээ эдгээр төслүүдээ хэрэгжүүлэхгүй бол эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрэхгүй, төсвийн орлого тасарна.

-Хөгжлийн банкны тухай хуулийг батлуулах асуудал дээр та эсрэг байр суурьтай байсан ч УИХ баталсан. Хөгжлийн банк бие даан ажиллах боломж бололцоо эрх зүйн хүрээнд бүрдэж чадсан уу?

-Өнгөрсөн дөрвөн жилд Хөгжлийн банкин дээр нэлээн гашуун туршлага хуримтлуулсан. Тэгсэн хэрнээ хуулийг нь хуучнаар нь зүтгүүлээд байсан. Би юу гэж үздэг вэ гэвэл Хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээл дээр ажиллаж чаддаг, Засгийн газрын баталгаагүйгээр хөрөнгөө босгож чаддаг, үйл ажиллагаа нь ил тод, улс төрийн оролцоогүйгээр бие даасан шийвэр гаргадаг банк болоосой гэдэг байр суурь илэрхийлж байсан.

Миний хүсч айсан тэр хэмжээгээр хууль батлагдсан. Хуулийг батлахын өмнө Олон улсын валютын сантай уулзаж, 13 санал авсан. Тэр бүгд хуульд туссан. Анхнаасаа экспертүүдийн саналыг тусгасан байсан бол хэл амгүй батлагдаж болох байсан. Гэхдээ үр дүн гарсан.

-Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх болбол энэ оны төсвийн хуульд өөрчлөлт оруулж таарна биз. Танд тодорхой мэдээлэл байна уу?  

Засгийн газар Олон улсын валютын сантай хэлцэл хийж байна.

Хоёр тал төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзсэн бол 2017 оны төсөвт тодотгол хийнэ. Тохирсон зүйлээ Засгийн газар биелүүлэх ёстой. Олон улсын валютын сан ч тохиролцсон зүйлүүдээ шийдэх ёстой.

Хэрэв тохиролцсон зүйлүүд дотор хуулинд өөрчлөлт оруулахаар болсон бол УИХ хуралдаж таарна.

Олон улсын валютын сангийнхантай би уулзсан, тэр үед энэ долоо хоногт багтаж, хоёр тал эрмэлзэх зүйлээ олон нийтэд хандаж мэдээлнэ гэсэн. Үүнээс өөр мэдээлэл алга.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж