“Талын түмэн адуу”-ны баяр гурав дахь жилдээ 2017 оны 2 сарын 18, 19-ний өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг суманд болох гэж байна. Адууны баярт 10 гаруй орны жуулчин оролцохоо мэдэгдэж, урьдчилсан бүртгэлээ өгчээ. Тухайлбал Шинэ Зеланд, Англи зэрэг алсын орноос мөн Азийн олон орны жуулчид Монголын өвлийн улиралд зорин ирэх юм байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэхүү уралдаанд Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгаас улсын аваргын тэмцээнд амжилттай сайн оролцож байсан уургач, бугуйлч нар ирж оролцох аж.
“Талын Түмэн Адуу”-ны баярын үеэр:
“Шургуу-2017” уран уургач, бугуйлч шалгаруулах
“Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгуйлдах
“Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн болно.
“Тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан
“Хөтөлгөө” ижил зүсмийн морьдын үзүүлбэр
Азарга гүйлгэх үзүүлбэр
Монгол баатруудын морьтон үзүүлбэр
Талын Тайга нохойн хурдны уралдаан, сайхан хөтөлгөөг шалгаруулах юм байна.
Түүнчлэн орон нутгийн гар урлал, жижиг дунд үйлдвэрлэгчид өөрсдийн урласан бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм. Монголын аялал жуулчлалын 40 орчим компанийн гадаадаас жуулчин оруулж ирдэг, аялал жуулчлалын менежер захирлууд очиж үзэх нь бас нэг том амжилт гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. “Талын Түмэн Адуу”-ны баярыг БОАЖЯам, Алтанбулаг сум, МУИС-ин Бизнесийн сургууль, Аялал жуулчлалын Ур Чадварын Төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах аж.
ЭХ СУРВАЛЖ: WWW.TOV.GOV.MN