АНУ-ын Калифорни муж дахь хамгийн өндөр далан сэтрэх аюул нүүрлэсний улмаас 200 мянга орчим хүнийг өнгөрсөн Даваа гаригт яаралтай нүүлгэн шилжүүлсэн. Тухайн үедээ далан хэзээ мөдгүй сэтэрч ойр хавийн газар нутаг усанд автах аюултай хэмээн холбогдох албаныхан мэдээлж байсан юм.
Бороо, цас холилдон орсны улмаас усны төвшин нь нэмэгдэж халих аюул нүүрлээд байсан бол одоо ус эргэн татарч эхэлсэн тул нутгийн иргэдийг буцан ирж болно гэсэн шийдвэрийг Бьютт тойргийн захиргаа өчигдөр гаргажээ. Гэхдээ ус татарч аюулын түвшинг бууруулсан ч эгзэгтэй байдалд бэлэн байхыг иргэдэд сануулж байгаа ажээ.
Калифорни мужийн Оровилл нуурын далан баригдаад 50 гаруй жил болж байгаа юм. Оровилл нуур хавийн Лайв Ок, Мэрисвилл, Уитленд, Пламас Лейк, Оливехерст, Гридли, Оровилл, Юба-сити зэрэг хотын 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байсан.
Хиймэл нуурын усны багтаамж 4,3 их наяд шоо метр бөгөөд хэрвээ далан сэтэрвэл тун аюултай нөхцөл байдал үүсэх юм.
Трампын захиргаанаас Калифорни мужид тусламж үзүүлжээ.
А.ТУЛГА