-Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнд Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоосыг зэргийг дэлгэжээ–
Монголын Үндэсний музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ үзмэрийн дээжис IV” үзэсгэлэнг өнөөдөр/2017.02.15/ нээлээ. Тус үзэсгэлэнд 2014-2016 онд музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 400 орчим шилдэг үзмэрүүдийг сонгожээ. Гэхдээ эдгээр үзмэрүүдийг 1800 гаруй үзмэрээс сонгож авсан байна. Сонирхуулбал, Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоосыг дэлгэжээ. Мөн Юань улсын цаасан мөнгө, цэргийн дээл зэрэг байхаас гадна Монголын хамгийн өндөр хүнээр тэмдэглэгдсэн Д.Рагчаа агсны хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн тавьжээ.
Өнөөдөр нээлтээ хийсэн “Шинэ үзмэрийн дээжис IV” үзэсгэлэнг нэг сарын турш үнэ төлбөргүйгээр үзэгчдэд үзүүлэх юм байна.
Монголын Үндэсний Музейн эрдэм шинжилгээний төвийн ажилтан Ц.Эгиймаа дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Энэ удаагийн үзэсгэлэнд 1800 гаруй үзмэрээс сонгож авсан 400 бүтээлийг тавилаа. Сарын турш үзэгчдэд үнэ төлбөргүйгээр үзүүлэх юм. Үзэсгэлэнд судлаачдын явуулсан архелогийн малтлагаар илрүүлсэн, хайгуулаар түүвэрлэсэн, бусад байгууллагаас шилжүүлсэн бүтээлүүд багтсан. Мөн ард иргэдээс бэлэглэсэн, худалдаж авсан олон тооны сонирхолтой үзмэрүүд ч байгаа. Бид музей зай талбайгаас шалтгаалаад 400 үзмэрийг сонгож авсан. Эдгээр үзмэрүүдийг сарын турш үзэгчдэд үзүүлэх юм. Энэ үзэсгэлэн маань гурван жил тутамд болдог томоохон үзэсгэлэнгийн дээжсийн IV дэх нь болж байна” гэсэн юм.
МӨНГӨН ЗООС
Сүүлийн гурван жилийн хугацаанд Үндэсний музейгээс олон үзмэр, эд зүйлийг худалдан авч сан хөмрөгийг баяжуулж байгаа аж. Үүний нэг нь V-VII зууны үед холбогдсон Сасанидын хаант улсын 200 ширхэг мөнгөн зоос юм. Эдгээр зоос нь Дундад Азиас Уйгарын хаант улсын үед худалдаачдаар дамжин Монголд ирсэн гэж судлаачид таамагласан юм байна. Энэхүү ховор Дундад Азийн Сасанидын мөнгөн зоосыг тус төвөөс 2015 онд иргэн Зандаахүүгээс худалдан авчээ. Тэрээр уг зоосыг Архангай аймгийн Хайрхан сумын харьяат хүнээс худалдан авсан байна.
ЦААСАН МӨНГӨН ТЭМДЭГ
Цаасан мөнгийг Хубилай хааны зарлигаар Юань улсад гүйлгээгээр хэрэглэж байжээ. Түүний хаанчлалын оны Жи Юань /1264-1294/ хэмээн нэрлэжээ.
ЦЭРЭГ ДЭЭЛ
Энэ дээл нь баруун гар дарсан ташуу энгэртэй, бүсэлхийдээ тусгайлан ширээс гаргасан олон хуниастай, богинохон дэрвэгэр хормойтой, үсийг нь дотогш харуулан зүйж оёсон өвлийн өмсгөл юм. Энэ бол нэн эртний цэрэг дээл.
АЙРАГИЙН ГОЗГОР
2014 оноос эхлэн Монголын үндэсний музейн судлаачид Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор хэмээх газарт археологийн малтлага судалгааг тасралтгүй хийж байна. Энэ дурсгалт газраас 97 булш бүртгэгдсэнээс арвыг нь малтан судалжээ. Энэ судалгаанд урьд өмнө нь илэрч байгаагүй өвөрмөц зан үйл бүхий булш оршуулгыг илрүүлжээ. Тэдгээр нь Хүннү, Сяньбигийн үед хамаарах оршуулгын зан үйлд зориулсан үйлдэл, модон байшин зэрэг сийлбэрийг анх удаа олоод байна.
Монголын Үндэсний музейн “Шинэ үзмэрийн дээжис IV” үзэсгэлэнг хоёрдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 15-ны хооронд үнэ төлбөргүйгээр үзэж болно.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД