Хэнтий аймгийн хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд халдварт бус өвчин, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс голлох байр суурийг эзэлж байна.
ДЭМБ-тай хамтран “Эрүүл аймаг” хөтөлбөрийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Чингис хотод зохион байгууллаа.
“Эрүүл Хэнтий-Ээлтэй аймаг” зөвлөгөөнд ДЭМБ-ын мэргэжилтэн Ж.Наранчимэг, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн ИТХурлын дарга Л.Батсайхан, сумдын Засаг дарга, сум, өрхийн ЭМТөвийн удирдлагууд болон МХГ, БСГ, БОАЖГ, Хэнтий-Ус ХХК зэрэг холбогдох төрийн ба ТББ-дын төлөөллүүд нийт 70 хүн оролцсон ба хотжилт ба эрүүл мэнд, хотжилтоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм эдийн засаг, орчны сөрөг хүчин зүйлсийн талаар илтгэлүүд тавигдлаа.
Тус зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж орон нутгийн засаглалыг хөгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар эрүүл мэндийн үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим дээр тулгуурлан эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэгт орчин бүрдүүлэн ажиллахаар боллоо.
ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ