Өнгөрсөн жилийн шилдэг гэрэл зургаар Турк улсад алагдсан ОХУ-ын Элчин сайдыг буудсан зургийг шалгаруулсанд шүүгчийн багийн ахлагч Стюарт Франклин санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Данийн хэсэг гэрэл зурагчдын санаачилгаар 1955 онд байгуулагдсан World Press Photo гэрэл зургийн сэтгүүл зүйн төрлийн хамгийн нэр хүндтэй уралдааны нэг юм.
ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Анкара хотноо гэрэл зургийн үзэсгэлэн нээн үг хэлж байх үедээ буудуулан амиа алдсан. Нуруундаа буудуулсан Элчин сайд шалан дээр хөсөр унаж, буудсан алуурчин хажууд нь гар буугаа өргөн орилж байгаа агшныг буулгасан зургийг Associated Press агентлагийн Турк дэх гэрэл зурагчин Бурхан Озбиличи авсан юм. Энэ зургийг өнгөрсөн жилийн шилдэг гэрэл зургаар шалгаруулсанаа өчигдөр зарласан юм. Шүүгчийн багийн ахлах энэ удаагийн шалгаруулалт гэрэл зургийн сэтгүүл зүйн зорилго, хэвлэл мэдээллийн ёс зүйг хөндсөн хэмээн үзэж байгаа ажээ. Тэрбээр эсрэг санал өгсөн ажээ.
“Энэ бол аймшигтай шийдвэр байлаа. Энэ зургийг шилдгээр шалгаруулах учиргүй байсан, ингэснээр бид ёс зүйн хязгаараа зөрчлөө. Сэтгүүл зүйд цензур ёс зүйн хоёрын хоорондох тэнцвэрийг байнга сахих хэрэгтэй байдаг” хэмээн тэрбээр сэтгүүлчид ярьжээ.
“Энэ бол хүний сэтгэлийг хөдөлгөсөн агшны зураг мөн. Гэхдээ үүнийг шилдэг гэж нэрлэх хэрэггүй байсан. Хэрвээ буудуулсан Элчин сайд АНУ-ынх юм уу, Австралийнх байсан бол шүүгчдийн шийдвэр ямар байх байсан бол? Энэ нь ёс зүйн хувьд буруу байсан. Алуурчны зорилгыг илүү тодотгосон энэ зургийг шилдгээр шалгаруулах ёсгүй” хэмээн Стюарт Франклин хэлжээ.
Шүүгчид энэ зурган дээр санал их зөрөлдсөнийг Стюарт онцолсон байна. “Дэмжсэн, дэмжээгүй шүүгчид бараг 50, 50 хувь хуваагдсан. Маш өчүүхэн саналын зөрүүгээр зураг дэмжигдсэн. Гэхдээ энэ зургийг мэдээг тодотгосон зураг гэж үнэлсэн” хэмээн хэлсэн байна.
Дайн тулаан, зөрчилтэй халуун цэг рүү сэтгүүлчид очиж зураг авдаг, гэхдээ ийм байдлыг бий болгохгүйн төлөө, хурдан дуусгаж цэглэх хэрэгтэй гэсэн хүний сэтгэлийн утсыг хөндсөн байх учиртай гэж бодож явдгаа тэрбээр хуваалцжээ.
Анкара дахь ОХУ-ын ЭСЯ энэ зургийг шалгаруулсаныг шүүмжилж байгаагаа илэрхийлсэн. “World Press Photo уралдааны шүүгчдийн шийдвэр гайхашрал төрүүлж байна. Хүнлэг байдал, ёс зүйн хэм хэмжээний хувьд бүрэн ухарчээ. Терроризмын айдас төрүүлж байгаа нь хүлээн зөвшөөрч боломгүй” хэмээн ЭСЯ байр сууриа илэрхийлсэн байна.
А.ТУЛГА