Ердөө зургаахан сарын өмнө Рио-де-Жанейрод зуны олимпийн наадам болсон гэхэд төсөөлөмгүй. Олимпод оролцохоор дэлхийд шигшигдсэн мянга мянган тамирчид, олон мянган сэтгүүлч, албаны хүмүүс завсар зайгүй холхилдож байсан Риогийн Олимпийн тосгон эзгүйрч, олимпийн ширүүн өрсөлдөөн өрнөж байсан цэнгэлдэх, талбай хөсөр хаягджээ.
Эрчим хүчний төлбөрийг нь төлөх хэн ч байхгүй алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэн цахилгаангүй, таг харанхуй болсон гэнэ. Усан спортын тамирчдын бэлтгэлээ базааж байсан усан сан өмхийрч, зэвэрч, намаг балчиг мэт болжээ. Риогийн борчуудын хорооллын дунд орших “Маракана” цэнгэлдэхийн ногоон зүлэг шарлаж, хүрэнтэн, үзэгчдийн суудлын нилээд нь ховхорч халцран, заримыг нь хуу татаж хаясан байгааг гэрэл зургаас харж болно.
Зуны 31 дэх олимпийн наадмаас хойш зургаан сарын дараа “Олимпийн нийслэл” Рио-де-Жанейро дахь спортын бүтээн байгуулалтууд ийм дүр зурагтай болжээ.
С.ЦЭЛМЭГ