Лос-Анжелест өчигдөр болсон Грэммийн ёслолоос магадгүй зарим нэг зүйлсээс та хоцорсон байж магадгүй. Зуурдаар таалал төгссөн алдарт дуучин Жорж Майклд хүндэтгэл үзүүлж, түүний уянгалаг “Fastlove” дууг Адель ковер хийж дуулсан юм. Гэнэтхэн Адель дуулахаа больж, хөгжимчдийг зогсоогоод, “Телевизээр шууд дамжуулж байгааг мэдэж байна л даа. Намайг уучлаарай. Дахиад эхэлж болох уу?” гэв.
Түүний дуу хоолой, арын хөгжим Грэммийн үзэгчдэд гайхалтай сонсогдож байсан ч Адельд өөрт нь ямар нэг зүйл болсонгүй. Дуугаа эхлүүлээд нэг минут орчим өнгөрсний дараа тэр шударгаар, эр зориг гарган хөгжимчдийг зогсоож, бүгдээс нь уучлал хүсээд дуугаа дахин эхлүүлэв.
Үзэгчид түүнийг эергээр хүлээн авч, танхим дүүрэн алга ташилтаар зоригжуулсны дараа тэр Жорж Майклын алдартай уянгын дууг төгс амилуулсан юм.
Грэммийн ёслол дуусч, бүгд намжсаны дараа тэр чухам юу болсон талаар тайлбарлажээ. “Сэтгэл зүрх минь эзгүйрч, тавгүй байсан. Өнөөдөр сургуулилтын үеэр хоолой минь чичрээд л байсан. Жорж Майклд зориулсан энэ хүндэтгэлийн дууг дуулахдаа би их хичээж, өдөр бүр их бэлтгэсэн. Жорж Майкл, би түүнд хайртай. Тэр миний хувьд их үнэ цэнэтэй. Хэн нэгнийг гомдоож, сэтгэлийг нь гонсойлгосон бол чин сэтгэлээсээ уучлал хүсье” гэж Адель сэтгүүлчдэд ярьсан байна. Адель түүнд чин сэтгэлээсээ хүндэтгэл үзүүлэхийг хүссэн, гэвч эхний удаад яг өөрийнх нь хүссэн шиг байгаагүй гэнэ. Тиймээс дуугаа дундаас нь тасалж, дахин эхлүүлэхийг хүсчээ.
Аделийн хувьд Грэммийн ёслолыг нээж, “Hello” дуугаа дуулсан бол дунд хэсэгт Жорж Майклд хүндэтгэл үзүүлж, түүнийг алдартай дууг танхимд эгшиглүүлсэн юм. Тэрбээр энэ үдэш Оны шилдэг дуу, Оны шилдэг цомог, Оны шилдэг дуу бичлэг, Шилдэг поп цомог, Шилдэг поп үзүүлбэр гэсэн таван номинацид Грэмми гардсан билээ.
С.ЦЭЛМЭГ