Өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын тушаалаар цагдаагийн албаны болон иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлж, эрдэнэт хүний амь аварсан алба хаагчдад Цагдаагийн алдар тэмдэг гардуулах ёслол боллоо. Шагналыг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр гардуулахдаа “Бид цагдаагийн алба хаагчиддаа баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлэх ёстой” гээд , өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн хүний амь аварсан алба хаагчдад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Өнгөрөгч 7 хоногийн баасан гарагийн шөнийн 23.50 минутад Цагдаагийн алба хаагчид галын аюулаас нэг гэр бүлийн гурван хүний амь насыг авран хамгаалсан бахархам үйл явдал болсон.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн …тоотод оршин суух иргэний байшинд гал гарч байсныг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар мэргэжлийн авхаалж самбаа гарган шуурхай арга хэмжээ авч унтраасан юм.
Тухайн өдөр ажлаасаа тараад гэртээ харьж явсан алба хаагчид нэгэн хашаанд гал гарч буйг мэдээд байшингийн хаалгыг эвдэн орж гурван иргэний амь насыг галын аюулд өртөхөөс аварчээ.
Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар байшингийн хаалгыг эвдэн дотогш нэвтрэхэд иргэн Ж.Ганбат, түүний дүү З.Отгонтуяа, охин Г.Лхам-Эрдэнэ нар үүдний хэсэгт гал гарсныг мэдэхгүй, угаарталтын байдалтай унтаж байжээ.
Цагдаагийн алба хаагчид тэднийг сэрээн гадагш гаргаж, галын тархцыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд яаралтай дуудлага мэдээлэл өгснөөр болзошгүй аюулаас цаг алдалгүй 3 хүний амийг аварч чадсан билээ.
Дашрамд дурдахад Цагдаагийн алдар тэмдгийг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ үнэнч шударга, эрэлхэг зориг авхаалж самбаа гарган нэр төртэй биелүүлсэн, эрхэлсэн ажилдаа онцгой гавьяа байгуулсан, амжилт гарган ажилласан цагдаагийн алба хаагчид гардуулдаг юм.
Эх сурвалж: ХЗДХЯ