УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос энэ сарын 1-нд Индонези, Бразил улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Япон улсын Осака хот дахь Ерөнхий консулын газар, Хятад улсын Хайлаар хот дахь Консулын газрын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргажээ.
Хуулиараа Дипломат төлөөлөгчийн газрыг нээх, татан буулгах асуудлыг УИХ-аар хэлэлцэн, эцэслэдэг. Харин энэ удаад Дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг УИХ-аар хэлэлцүүлж, эцэслэлгүй Байнгын хороо дангаараа шийдсэн нь тус байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хууль зөрчсөн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлсэн ч, бүр мөсөн хаах шийдвэр гаргаагүй, түр зогсоох шийдвэр гаргасан тул Байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд ийм шийдвэр гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх боломжтой аж.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан дээрх шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам дээрх Дипломат төлөөлөгчийн газруудыг хаах арга хэмжээг авч эхэлсэн байна. Ингэхдээ энэ оны хагас жилд багтаан энэ ажлыг гүйцэтгэх аж.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал сэргэнгүүт буцаан үйл ажиллагааг нь сэргээх арга хэмжээг авч ажиллахаар болжээ.
Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарим Дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах тухай асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
УИХ-аар тогтоолын төслийг хэлэлцэж эхлэхэд дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах болсон үндэслэлээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Хоёрдугаарт, Монгол Улсын 27 иргэн Бразилд, 25 иргэн Индонези Улсад байнга оршин суудаг. Хамгийн сүүлийн статистик мэдээнээс харвал манай улс Бразил улстай 2 мянга гаруй, Индонези улстай 12 мянган ам.доллартай тэнцэх худалдаа хийж байна. БНХАУ-д Монгол Улсын дипломат төлөөлөгчийн дөрвөн газар ажиллаж байгаа тул тэдгээрээс Хайлаарын асуудлыг шийдэх, Осака хотод суугаа Ерөнхий консулын үүргийг Токио дахь Элчин сайдын яамнаас хариуцах боломжтой гэж Засгийн газар үзлээ хэмээн тайлбарлаж байв.
УИХ-ын гишүүн Л.Болд "Засгийн газар дэндүү өрөвдөлтэй хуулийн төсөл оруулж ирлээ. Танилцуулгад байна, 35 хүүхдэд цэцэрлэгийн мөнгө гаргаж ирэхийн тулд зарим Элчин сайдын яам, Консулын газар татан буулгах болж буй юм байна. 300 мянган ам.доллар гаргаж ирэхийн тулд ингэж байгаа юм уу. Үүнийхээ оронд мөнгөө нэмчих л дээ. Ганцхан жижиг төслөөс татгалзахад л хүүхдийн цэцэрлэгийн мөнгө гараад ирнэ.
Латин Америкийг тэр чигээр нь хариуцдаг газраа татан буулгах нь буруу. Японы талаас “Танайх консулын газраа татан буулгах нь буруу. Эргэж харах юм шүү” гээд хэлж байна. Гадаад харилцааг ингэж хөгжүүлдэггүй юм” гэж байр сууриа илэрхийлж байв.
Эцэст нь Байнгын хороо эдгээр Дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах нь буруу юм байна, түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоож, эдийн засаг сэргэсний дараа буцаан ажиллуулах нь зөв хэмээн үзсэн бололтой, дээрх шийдвэр гаргажээ.
Г.ДАРЬ