Монголын уран бүтээлчид олон улсын шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2017.02.15-нд нийтлэгдсэн

Монголын уран бүтээлчид олон улсын шагнал хүртлээ

Берлиний олон улсын кино наадмын үеэр жил бүр олгодог Cinema for Peace буюу “Энхийн төлөө кино” шагналыг Монголын кино уран бүтээлчид хүртлээ.

Хоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдэд болж буй Берлиний кино наадмын хүрээнд 15 дахь удаагийн Cinema for Peace ёслолын арга хэмжээ болж, Best Supporter буюу энхийн төлөө киног дэмжигч шагналыг “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” телевизийн олон ангит кино болон “Тусгай салаа 2” уран сайхны киног бүтээсэн гурамсан төсөлд олгожээ.

Шагналыг тус төслийн санаачлагч, зөвлөх продюссер УИХ-ын гишүүн Л.Болд ахлагчтай баг Рейхстагийн ордонд гардан авчээ. Түүнтэй хамт “Догшин хар сүлдний нууц” баримтат киноны продессер Цогсүрэнгийн Ганболд, найруулагч Л.Ариунжаргал, зохиогч А.Батпүрэв, “Тусгай салаа” киноны продессер Ц.Оюундарь, ерөнхий найруулагч Ж.Батбаяр нар уран бүтээлчдээ төлөөлөн Берлинд очиж, шагналаа авсан байна. Тэдний шагналыг Францын дэлхийд алдартай жүжигчин Катерин Денёв болон Монгол-Германы хамтран бүтээсэн “Газарчин” киногоор монголчуудад танигдсан жүжигчин Гойка Митич нар гардуулжээ.  

Энэхүү шагналыг дэлхийн энх тайван, хүний эрх, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг олны анхааралд хүргэж, асуудлыг шийдэхэд уран бүтээлчдийн хувь нэмрийг оруулах зорилгоор 2001 онд анх байгуулагдсан Cinema for Peace олон улсын сангаас жил бүрийн Берлиний кино наадмын үеэр олгодог юм байна.

Сангийн анхны хүндэт даргаар жүжигчин Леонардо Ди Каприо сонгогдож байсан бол Жорж Клуни, Николь Кидман, Бэн Аффлек, Шон Пен нарын супер одууд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Нелсон Мандела, ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михайл Горбачёв нарын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд жил бүр манлайлж хамтран ажиллаж ирсэн тухай тус байгууллагын танилцуулгад дурдсан байна.

Cinema for Peace ёслолын үеэр манай уран бүтээлчдэд олгосон шагналаас гадна 4 төрлөөр шилдэг уран бүтээлүүдэд шагнал олгожээ. Тухайлбал “Үнэ цэнэтэй УСК” номинацад Мэл Гибсоны бүтээл, дэлхийн 2-р дайны фронтод нэг ч хүн рүү буу шагайлгүй 75 хүний амийг аварсан Десмонд Тоссын бодит түүхээс сэдэвлэсэн “Хаксо Ридж” кино, “Ногоон кино” номинацад хятад дахь зааны соёоны худалдаа наймаа Африкийн заануудыг устгах аюулд хүргэж буйг эрэн сурвалжилсан “Айвори Гэйм”, “Шударга ёсны төлөө” шагналд Эдуард Сноудений амьдралаас сэдэвлэсэн ”Сноуден” кино шалгарчээ. “Сноуден” киноны шагналыг Оскарын шагналын гурван удаагийн эзэн, домогт найруулагч Оливер Стоун өөрийн биеэр ирж авсан нь Берлиний кино фестивалийн бас нэгэн онцлох үйл явдал болж байв.

Шагнал хүртсэн “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, “Тусгай салаа” телевизийн олон ангит кино болон “Тусгай салаа 2” уран сайхны кинонууд нь эрт цагаас эдүгээг хүртэлх монгол цэргийн амьдрал, тэмцэл, цэргийн урлаг, дэлхий дахины энхийн төлөө үйлсийг түүхэн болон уран сайхны хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн цогц төсөл юм. Төслийг тухайн үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилга дэмжлэгээр хэрэгжүүлжээ.

35 ЖИЛИЙН ДАРААХ “УУЛЗАЛТ”
 

Кино наадмын үеэр болсон нэгэн сонирхолтой үйл явдал нь 1983 онд Монгол, Германы уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Газарчин” киноны уран бүтээлчдийн эчнээ уулзалт байв. Тус киноны гол дүрийн жүжигчин Гойка Митич манай уран бүтээлчдийн шагналыг гардуулсан бөгөөд үүнийг урьдчилж мэдсэн манайхан түүнтэй хамтран тоглосон Гавъяат жүжигчин Н.Батцэцэгийн видео мэндчилгээг авч очин, сюрприз барьжээ.

35 жилийн өмнөх хамтрагчтайгаа “уулзсан” Гойка Митич Монголд ирж, уран бүтээл хийж байсан тухайгаа догдлон дурссан байна. Түүнтэй хийсэн сэтгүүлч Б.Оюунчимэгийн ярилцлага удахгүй МҮОНТ-ээр гарах юм байна.

САНАЖ БАЙНА, АЙШОЛПАН
 

Айшолпан

Монгол Улсын Баян-Өлгийн аймгийн бүргэдчин охин Айшолпаны тухай “Бүргэдийн анчин” кино сүүлийн үед олон улсын кино судлаачдын анхаарлын төвд байгаа билээ. Уг кино олон улсын хэд хэдэн томоохон шагналд нэр дэвшсэний нэг нь Cinema for Peace шагналын “Ногоон кино” номинаци байв.

“Бүргэдийн анчин” энэ удаад шагнал хүртээгүй ч тус киноны продессероор ажилласан Стэйси Рэйсс, Шарон Чанг нар Монголын киночидтой зорьж уулзан, Монголын үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлж, Айшолпандаа хандан “Санаж байна шүү” хэмээн хэлүүлжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж