Дэлхийн хэвлэлүүд ”Эрдэнэт”-ийг юу гэж мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн хэвлэлүүд ”Эрдэнэт”-ийг юу гэж мэдээлэв

УИХ-ын чуулганаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг улсын өмч болгох асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжсэн билээ. Энэхүү үйл явдлыг гадны хэвлэлүүд хэрхэн мэдээлж байна вэ? 

Тус үйлдвэрийн хувийг эзэмшиж байсан Оросын “Ростех”-ээс энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад мэдэгдэл ирүүлсэн гэх боловч “Ростех”-ийн албан ёсны сайт, түүнчлэн Оросын бусад мэдээллийн агентлагуудад ч улсын өмч болгосон тухай мэдээлэл олдсонгүй.

 

“BLOOMBERG”: МОНГОЛЫН ПАРЛАМЕНТ ЭРДЭНЭТ ЗЭСИЙН ҮЙЛДВЭРИЙГ ТӨРИЙН ӨМЧ БОЛГОЛОО

Монголын парламент зэс, алт, төмрийн хүдрийн ордыг худалдаж авсан компанийн 400 сая ам.долларын гэрээг хууль бус байсан гэж үзэж, төрийн өмч болгох асуудлыг дэмжлээ. 
Парламентын тогтоолд өмнөх Засгийн газраас гаргасан “Монголросцветмет”, “Монголын зэсийн корпораци”-ийн 49 хувийн худалдааг цуцалсан тухай дурджээ. Тогтоолыг гишүүдийн 49 хувь нь дэмжиж, 12 хувь нь эсэргүүцсэн тухай “Bloomberg TV Mongolia” дамжуулсан байна. Өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн зургаадугаар сард болсон сонгуулийн өмнөхөн Оросын төрийн хяналттай “Ростех”-ийн хувийг худалдан авсан тухайгаа зарлаж, үүнийг байгалийн нөөцөө монголчуудын гарт оруулж буй улс орны ялалт хэмээн мэдэгдэж байв. Үүнтэй зэрэгцээд Ч.Сайханбилэгийн Ардчилсан нам сонгуулиар МАН-д ялагдсан. 

Монголын зэс олборлох үйлдвэрийн 49 хувийн худалдааг хууль бусаар хийж, Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн парламентын ажлын хэсгээр мэдэгджээ. Монголын Худалдаа хөгжлийн банк ХХК энэхүү гэрээг санхүүжүүлэх ажлыг тэргүүлсэн юм. 

Mongolian Metals & Mining-ийн шинжээч Дэйл Чой “Эрх зүй, удирдлага, гэрээний эргэн тойрон дахь ил тод байдлын янз бүрийн асуудлууд гарч ирж байгаа бололтой. Түүгээр ч зогсохгүй төрийн санхүүжилтийг хувийн худалдаандаа ашигласан, Монголын Засгийн газар гэрээ хийхийн тулд 11 хувиар өндөр олон улсын облигаци гаргасан мэт сэтгэгдэл төрж байна. Хувьчлал явагдах нь зүйн хэрэг. Харин хуулийн дагуу явагдсан гэдэг нь эргэлзээтэй, асуудалтай байна” гэж цахим шуудангаараа мэдээлжээ. 

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх ерөнхий захирал О.Орхон зээлийг хууль бус байгаагүй, банкны дүрэм журмыг зөрчөөгүй хэмээн нэгдүгээр сарын 30-нд саналын хариу болгон цахим шуудангаараа илгээжээ. Эрдэнэт, Монголросцветметийн хамтарсан үйлдвэр 1970-аад онд хуучин ЗХУ, Монгол Улс байгуулжээ. Эрдэнэт нь зэсэд төвлөрдөг бол Монголросцветмет нь алт, төмрийн хүдэр зэрэг металлын уурхайд төвлөрч ажилладаг аж.


TAIBEITIMES: МЕТАЛЛАА УЛСЫН ӨМЧ БОЛГОЛОО

Тус улсын парламент зэс, алт, төмрийн хүдрийн ордыг 400 сая ам.долларын гэрээгээр авсан компанийг хууль бусаар авсан гэж үзэн төрийн өмчид авах тогтоолыг дэмжлээ. Парламентын энэхүү тогтоол нь өмнөх Засгийн газраас гаргасан “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдахыг зөвшөөрсөн шийдвэрийг цуцалж байгаа юм. Тогтоолыг 49 гишүүн дэмжиж, 12 нь эсэргүүцсэн тухай “Bloomberg TV” мэдээлжээ.


BORSAGUNDEM /ТУРК/: МОНГОЛЫН ПАРЛАМЕНТ ЗЭСИЙН ХҮДРЭЭ ТӨРИЙН ӨМЧИД ШИЛЖҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Эрдэнэт зэсийн уурхайг 400 сая ам.доллараар худалдан авах гэрээ хийгдсэний дараа уг гэрээг хууль бус гэж үзэж, тус үйлдвэрийн төрийн өмч болгохыг парламентаас дэмжлээ. Судалгаагаар Эрдэнэтийн алт, зэсийн хувьчлал хууль бус хийгдсэн гэдэг нь тогтоогдмогц хуулийн төслийг дэмжсэн байна. Энэхүү хуулиар өмнөх Засгийн газраас гаргасан Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, Монголросцветметийн хувьцааны 49 хувийг “Монголын зэсийн корпораци” худалдан авсан шийдвэрийг хүчингүй болгожээ. Парламентын шийдвэрийг 12 нь хүлээн зөвшөөрөхгүй, 19 нь дэмжсэн байна.

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж