Nokia 3310 дахин худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2017.02.15-нд нийтлэгдсэн

Nokia 3310 дахин худалдаанд гарна

Хамгийн олон хувь борлогдсон, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, магадгүй хамгийн бат бөх гар утас болох Nokia 3310 дахин худалдаанд гарах гэнэ. Финляндын гар утас үйлдвэрлэгч компани борлуулалтаараа түүхэн амжилт үзүүлсэн уг гар утсыг 17 жилийн дараа дахин зах зээлд нийлүүлэхээр болсон байна.

“Nokia” брэндийг эзэмшиж буй “HMD Oy Global” компанийн мэдэгдсэнээр шинэчлэн сайжруулсан Nokia 3310 хоёрдугаар сарын сүүлчээр худалдаанд гарах аж. Анх 2000 онд гарсан эх загварыг 2005 оноос үйлдвэрлэхээ больсон бөгөөд энэ хугацаанд 126 сая ширхэг борлогдсон нь дэлхийн зах зээл дээрх рекорд амжилт гэнэ.

Шинээр гарах Nokia 3310 нь эхний ээлжид Европ болон Хойд Америкийн зах зээлд 59 еврогийн үнээр худалдаалагдана. Анх 2000 онд гарч байхдаа Nokia 3310 129 еврогийн үнэтэй байжээ.

Анхны эх загвартай харьцуулахад ямар өөрчлөлттэй байх талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа. Гэхдээ баттерейны хүчин чадал, бат бөх чанарын хувьд илүү сайжруулна гэдгээ бүтээгчид нь мэдэгдсэн юм. Мэдээж урьдын адил дуудлага хийж, хүлээн авч, мессеж илгээхээс гадна цаг, тооны машин, 10 хүртэлх санамж хадгалах, бас Snake II, Pairs II, Space Impact болон Bantumi гэсэн дөрвөн тоглоомтой байх гэнэ.

Худалдан авагч, хэрэглэгчдийн хувьд энэ мэдээллийг хоёр талтай хүлээн авч байна. Технологийн дэвшилд суурилсан, өндөр үнэтэй боловч хэврэг смартфоны хажуугаар “найдвартай ар тал” болж чадах хямд хэрэглээ гэж зарим нь үнэлж байгаа бол нөгөө хэсэг нь тэртээ 20-иод жилийн өмнөх 3310 нь одоо хүртэл хэвийн ажиллагаа байгаа, гэвч ердөө хэрэглэдэггүй, хэрэгцээгүй зүйл зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж