Цагаан сарын зардлаа бодуулах уу?

Хуучирсан мэдээ: 2017.02.15-нд нийтлэгдсэн

Цагаан сарын зардлаа бодуулах уу?

Цагаан сар болоход 14 хүрэхгүй хоногийн хугацаа үлдлээ. Монголчуудын хамгийн өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг энэ баяраар айл бүр багагүй зардал гаргадаг. Тэгвэл сар шинийн баярын бэлтгэлээ базаахын тулд нэг өрх дунджаар хэдэн төгрөгийн зардал гаргах талаар “Шонхор” худалдааны төв болон “Бөмбөгөр” худалдааны төвийн бараа бүтээгдэхүүний үнээр дараах тооцооллыг хийж үзлээ . “Шонхор” худалдааны төвд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний дэлгэрэнгүй үнийг бидний өмнөх сурвалжилгаас ЭНД дарж үзнэ үү.

Хотын төвд байрлалтай, үнэ ханш хямд захуудын нэгд тооцогдох "Бөмбөгөр" худалдааны төвөөр иргэд хэр үйлчлүүлж байгаа талаар тус захын оймсны лангууны худалдагчаас тодруулахад "Баяр ойртсон ч хүмүүсийн худалдан авалт өсөөгүй байна. Манайхан цаг тулгадаг зантай учир баярын өмнөх гурав хоногт шуураад л бараагаа цуглуулчихдаг шүү дээ" гэсэн юм. Үнэхээр ч тус захын хөл хөдөлгөөн энгийн өдрүүдийнхтэй адил сийрэг байлаа. Энэ үеэр цагаан сарын бэлгээ цуглуулж буй Баянгол дүүргийн ахмад настан Б.Лувсан-Осортой цөөн үг солиход "Хүүхдүүддээ бэлэг бэлдээд явж байна даа. Уг нь үндэсний үйлдвэрийнхээ барааг авах санаа байдаг боловч нэг бол үнэтэй эсвэл хэлбэр галбир нь болж өгөхгүй юм. Баярын үеэр манайд дунджаар 300-аад хүн ирдэг шүү" гэлээ.

Б.Лувсан-Осор эмээгийнд гэхэд баярын үеэр 300 гаруй хүн зочилдог байна. Тэгвэл таван хүүхэдтэй энгийн нэг гэр бүл дээр жишээ болгон тэр айлд дунджаар хэдэн хүн зочлохыг бодож үзье.

Эмээ эцэг эхээс гурвуулаа. Айлын том, хоёр дүүтэй. Мэдээж дүү нарын хүүхэд болон ач, зээ нар ирж золгоно. Мөн эмээ өөрөө таван хүүхэдтэй, хүүхэд тус бүр нь хоёр хүүхэдтэй буюу 10 гаруй ач, зээтэй гэж бодъё. Үүн дээр нэмэгдээд худын талынхан бий. Зөвхөн төрөл төрөгсөд гэлтгүй ажлын хамтрагч, анд нөхөд, хуучны танил нь гээд багаар бодоход 150 гаруй хүн цуглахаар байна.

Тэгэхээр 150 гаруй зочилж ирсэн хүнийг дайлж, цайлах шаардлага тухайн гэр бүлд гарч ирж байна. Буузгүйгээр цагаан сарын баярыг төсөөлөх ч аргагүй. Нэг хүн ойролцоогоор 6-8 бууз идэж таарна. Ингээд бодохоор "манайхан" 1000 гаруй бууз бэлтгэж чимхэх нүсэр бөгөөд уламжлалт баярын ажилдаа орно. Энэ хэмжээний бууз бэлтгэхэд дараах материалууд шаардлагатай болно. Үүнд,

  • “Алтан тариа”-н дээдийн дээд 20 кг гурил – 29.000₮ /Бөмбөгөр захын үнээр/

  • Хонины 5 кг цул мах – 30.000₮

Цаашлаад бууз гэлтгүй цагаан сараар зайлшгүй авах шаардлагатай бүтээгдэхүүнүүд,

  • Хонины ууц – 170.000₮ /дундаж/

  • Таван давхар тавгийн боов, суурь еэвэнтэйгээ хамт дундаж үнээр 50.000₮

  • Цагаан идээ буюу ааруул, ээзгий тус бүрээс хоёр кг гэж үзвэл – 32.000 төгрөг болж байна.

Гэхдээ эд бол ердөө л хамгийн чухалд тооцогдох барааны дөнгөж эхлэл. Цаашлаад архи, ундаа, чихэр, хиам, өргөст хэмх гэх мэтчилэн баярын ширээ засах олон нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэг болно.

Түүнчлэн тухайн айл маань 150 хүний гар цайлгах бэлэг бэлдэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд дийлэнх айл оймс бэлгэнд өгөх болсон. Дангаараа өгөхөд цулгуйдах учир оймсныхоо хажуугаар шинэ 500, 1000 төгрөгийн дэвсгэрт аль эсвэл ямар нэг чихэр, эрчүүдэд хайрцаг тамхи зэргийг дагуулан өгөх нь элбэг.

"Бөмбөгөр" худалдааны төвд зарагдаж буй оймснуудын нимгэн нь 800-1500, зузаан оймс 2000, ноосон оймс 3000 төгрөгийн үнэтэй байна. 1500 төгрөгийн оймсыг ямарваа нэг бараатай хослуулан 3000 төгрөгийн үнэтэй тэнцэхүйц хэмжээний бэлгийг нэг хүнд өгнө гэж тооцвол 150 хүний бэлгэнд гаргах зардал 450 мянган төгрөг болох нь.

Ингээд зөвхөн хамгийн чухал гэсэн дээрх бараануудыг цуглуулахад 761.000 мянган төгрөгийг 150 гаруй зочин хүлээж авах айл зарцуулах нь. Дээр дурдсанчлан үүн дээр хүнсний нэмэлт маш олон бүтээгдэхүүн авах хэрэгтэйг тооцож үзвэл цагаан сарын баярт гаргах нэг өрхийн дундаж зардал нэг сая төгрөг өлхөн давахаар байна.

Баярын үеэр 300 гаруй зочид ирдэг гэх Б.Лувсан-Осор эмээгийн хувьд энэ тооцоо хоёр дахин их гарах нь тодорхой. Тэрээр "Баярын үеэр оймс өгөх нь тийм ч таатай байдаггүй. Оймс өгөх гэхээр нэг л санаа зовоод байдаг юм. Болж өгвөл ирсэн зочдодоо цагаан идээ өгөөд гаргавал санхүү талаасаа ч ёс уламжлалдаа ч нийцнэ" гэдгээ нуулгүй хэлсэн юм.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж