Ардчилсан нам шинэ байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам шинэ байртай боллоо

ӨЧИГДӨР /2017.02.13/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОВ

  • Сонгуулийн Ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлон зарласан. Энэ нь санал хураалт болохоос 150 хоногийн өмнө сонгуулийн тов тогтоох ёстой хуулийн хугацаатай холбогдуулан гаргажээ.


  • Ардчилсан нам шинэ байранд нүүж орсон ёслолын ажиллагаа “Ардчиллын өргөө”-нд боллоо. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Эрхэмбаяр албан тушаалаа Ц.Туваанд шилжүүлж буйгаа дуулгаад, тамга тэмдгээ гардууллаа.


  • Уул уурхайн эксперт Л.Наранбаатар, Эдийн засагч Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, арга хэмжээ авахыг шаардлаа. 1072 хувьцаа эзэмшигчдээс хэдэн хүн энэ мөнгөн хэлбэрээр авсан, хэдэн хүн нь хувьцаа эзэмшиж байна вэ гэдэг мэдээлэл одоо болтол тодорхойгүй байгаа гэдгийг тэд онцлов.  Дээрх гурван төлөөлөгч хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт хандаж алдаа дутагдлаа арилгах, компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардаж, тодорхой акц зохион байгуулахаа мэдэгдээд байна. 


  • "Эрдэнэс Монгол", "МАК" компаниуд геологийн хайгуул, судалгааны чиглэлээр ажиллах “Эрдэнэс ашид” хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурж, уул уурхай эрдэс баялгийн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулав.


  • Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд ажиллалаа. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт ажилласанд багш сурагчид талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн хүүхэд нэг бүрийг гэр бүл түүнтэй дүйцэхүйц орчинд амьдруулах ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна” гэдгээ Шадар сайдад танилцуулав


  • Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн энэ жилийн албан татвар төлбөрийг хураах ажлын явцтай танилцав.


  • Нийслэлийн хэмжээнд хүүхдийн клиник сувилал ердөө гурав байдгаас нэг нь Сонгинохайрхан дүүрэгт бий. “Хүүхдийн клиник сувилал 41” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг уг байгууллага дүүргийн 32 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран архаг суурь өвчтэй хүүхдүүдийг сувилдгаараа бусад цэцэрлэг яслиудаас ялгаатай юм. Уг клиник сувилал өмнө нь 80 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол өчигдрөөс 120 хүүхдийн ортой өргөтгөлийн байраа нээлээ.


  • Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөөх тэмцээн хоёрдугаар сарын 16-17-нд Иран улсын Керманшах хотноо болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид эх орноосоо мордлоо. Баг тамирчдын ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг нар ажиллана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж