Тоо бодъё. Улаанбаатар хотын иргэн та бид өдөрт 3000 гаруй тонн хог “үйлдвэрлэдэг” юм байна. Түүнийгээ 365 хоногт үржүүлэхээр сая гаруй тонн хог хаягдлыг хогийн цэг рүү илгээдэг.
ЖАЙКА олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар зуны улиралд нийт хог хаягдлын 22 хувь, өвлийн улиралд 14 хувь нь гялгар уут, хуванцар сав суулга байдаг гэнэ. Хувилаад бодохоор зундаа 660 тонн, өвөлдөө 420 тонн гялгар уут, хуванцрыг хог руу шиддэг байх нь. Бид ч яахав ууттай хогоо гэрээсээ гаргаад тавьчихсаныгаа цэвэр цэмцгэр, боломжийн соёлтой гэж боддог байх. Ажлын өдөрт нэг уут, амралтын өдөр нэг байтугай уут хог хаядаг. Гэтэл хогоо савласан уут болоод элдэв төрлийн хуванцрууд байгальд ямар хор учруулж байгааг анзаардаггүй.
НИЙСЛЭЛЧҮҮД ЦАГААН САРД БЭЛТГЭХ ЯВЦДАА 760 САЯАР ГЯЛГАР УУТ АВНА
Дэлгүүр, супермаркет болгон өөрийн гэсэн өнгө загвар, таних тэмдэг бүхий гялгар уутаар үйлчилж байгаа. Хамгийн багадаа 100 төгрөгийн үнэтэй ч богино настай гялгар уутанд их хэмжээний хөрөнгө мөнгө зарж байдаг. Ахимаг насныхан дадсан зуршлаараа даавуун тор цүнхэлж явдаг ч залуучуудын хувьд даавуун уутны хэрэглээг тэс өөрөөр төсөөлөх нь бий.
“Технож бизнес инкубатор” төвийн тооцож гаргаснаар цагаан сарын баярт бэлтгэх явцдаа нэг өрх дунджаар 20 орчим тор худалдаж авдаг ажээ. Нийслэл хот 380 мянга гаруй өрхтэй. Нэг өрхийн хэрэглээний 20 уутаар өрхийн тоог үржүүлбэл 7,6 сая ширхэг уут болно. Гялгар уутан тор хямддаа 100 төгрөг. Дахиад үржүүлбэл 760 саяас нэг тэрбум 520 сая төгрөгөөр зөвхөн хогийн уут худалдан авч байна. Энэ бага мөнгө гэж үү?
ӨДӨРТ 10 САЯ ТӨГРӨГИЙН УЛАВЧ ӨМСДӨГ
Хэдхэн жилийн өмнө эцэг, эхчүүд цэцэрлэгээс хүүхдээ авахдаа даавуун улавч халааслаж очдог байв. Нимгэн даавуу амархан элэгддэг учраас хуучирч муудсан жинснийхээ өөдсөөр улавч эсгэж, резин гүйлгээд оёчихсон ч байдаг. Түүнийгээ долоо хоног тутамд угаачихаад хэрэглэхэд хэдэн сарыг элбэг давна. Нэг их ур шаардахгүй болохоор ээж нар бүгд өөрсдийн урласан улавчтай байдаг байв. Харин одоо даавуун улавч үеэ нэгэнт өнгөрөөж, “цэцэрлэгийн цэнхэр” улавч хэрэглээнд нэвтэрчээ. Цэцэрлэгүүд нэг хүүхдээс 15 мянган төгрөг хурааж, тэрхүү гялгар уутан улавчийг худалдаж авдаг. Энэ улавчинд зарцуулж буй мөнгийг “Технож бизнес инкубатор” төвийн залуучууд тооцоолон гаргажээ. Нийслэлийн хэмжээнд 105085 хүүхэд цэцэрлэгээр хүмүүждэг гэсэн тоог тэд судалгаандаа ашиглажээ. Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгч, авахдаа өдөрт хоёр хос улавч хэрэглэнэ гэж тооцоход нийслэлчүүд нэг өдөрт цэнхэр улавчинд 10 сая 508500 төгрөг зарцуулдаг юм байна. Түүнийг ажлын өдрөөр тооцвол чамгүй их тоо гарна.
Энэ хэдхэн бодит жишээ, баримт, тоог бодоод үзэхээр бид их хэмжээний хог хаягдал, үргүй зардлыг зүгээр л урсгаж байдаг ажээ. Цэцэрлэгээс гадна өрхийн болон клиник эмнэлгүүдэд цэнхэр улавчийг түгээмэл хэрэглэдэг. Мөн цагаан сарын үеэр айл өрхүүд ч цэнхэр улавчийг олноор нь авч, зочдынхоо гуталд углуулах нь бий. Тэр бүгдийг тооцвол улавчинд зарцуулдаг нэг өдрийн мөнгө хэд хүрэх бол?
ҮРГҮЙ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ ГАРЦ
Гялгар уут дэмий хэрэглээ гэдэгтэй дэлхийн улс орнууд аль хэдийн санал нэгджээ. Зарим улс орон урамшууллаар, зарим нь торгуулийн системийг хэрэгжүүлж, гялгар уутны хэрэглээг бууруулж эхэлжээ. БНХАУ гэхэд хэт нимгэн гялгар уут хэрэглэхийг хориглож, торгуулийн хэлбэр ашиглаж буй аж. Харин Ирланд улс торгуулийн арга хэрэглэж, тэрхүү мөнгийг байгаль хамгаалах сандаа хандивлах замаар хуримтлал үүсгэдэг.
Монгол Улсын хил гаалиар жилд 62 сая ширхэг гялгар уут оруулж ирдэг юм байна. Үүнд 2,5 мянган ам.доллар зарцуулсан тухай Гаалийн ерөнхий газрын Экспорт импортын харьцуулсан судалгаанд дурьджээ. Хилээр оруулж ирсэн гялгар уут буцаад экспортод гарна гэж үгүй учраас Монголд хог хаягдал болж үлдэнэ.
Гялгар уутны хэрэглээг бууруулж, сар тутамд гялгар уутнаас татгалзах өдөртэй болох уриалгыг “Технож бит” төрийн бус байгууллагаас гаргажээ. Даавуун болон цаасан тор үйлдвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэх санаачлага хэдэнтээ гарч байсан ч дадал болж амжаагүй л байна. Тиймээс сар бүрийн нэг өдрийг гялгар уутгүй өдөр болгон тэмдэглэж хэвшсэнээр ногоон хэрэглээ, соёл бий болоход түлхэц болно гэж тус байгууллагынхан үзжээ. Болохгүй зүйл байхгүй.
Даавуун уутны хэрэглээг дэмжихийн тулд байгальд ээлтэй уут сав үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг дэмжин ажиллаж байгаагаа нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Тиймээс энэ жилийн цагаан сарын гарын бэлэг хүнс цуглуулах даавуун тор байхад болохгүй нь юу билээ. Уут сав өөдөө харсан амсартайг нь бэлгэдэж, даавуун уутан бэлгийг сонгоход илүүдэх юун.
Д.ЦЭЭНЭ