Туркменистан ерөнхийлөгчөө сонголоо

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

Туркменистан ерөнхийлөгчөө сонголоо

Туркменистанд ерөнхийлөгчийн сонгууль болж, тус улсын иргэд ирэх долоон жилд Туркменистаныг удирдах төрийн тэргүүнээ сонгожээ. 2012 оны сонгуулийн адил өнөөгийн ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов давуу санал авч, ялалт байгуулсан байна. Энэ удаагийн сонгууль нь сонин хэвлэл, радио телевизийн сурталчилгаа ихтэй байсныг барууны хэвлэлүүд онцолжээ. Ерөнхийлөгч өөрөө дуулж харагдсан гэнэ. 

Туркменистан Европтой худалдаа, хамтын харилцаагаа өргөжүүлэхийг хичээж байгаа. Үүний тулд сонгуулийн сурталчилгаа чухал үүрэгтэй байсан юм. Сонгууль чөлөөт, ардчилсан хэлбэрээр явагдсан гэж баруунд харуулах сонирхол тэдэнд байсан гэх. Санал хураах цэгүүд хаагдсаны дараа сонгогчдын ирц 94,27 хувьтай байсан гэж зарлав. Энэ удаагийн сонгуульд төрийн тэргүүнээс гадна өөр долоон нэр дэвшигч өрсөлджээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэх үеэр Гурбангулы Бердымухамедов төв сувгуудаар  үнэ хөлсгүй сурталчилгаа хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Ноён Бердымухамедовын ёс төдий өрсөлдөгч нарын тоонд  "Рысгал» гэх арилжааны банкны тэргүүн Бекмырат Аталыев, Газар тариалангийн намын Марый бүсийн хорооны дарга Дурдыгылыч Оразов ба өөр таван нэр дэвшигч байлаа. Бүх нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг хэвлэл мэдээлийн хэрэгслээр өргөн хэмжээнд түгээжээ.

Ер нь бол Туркменистаны сонгууль үзүүлэх шоу төдий болсон гэж ажиглагчид дүгнэж байна. Сонгууль дуусаагүй байхад Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын Катарт хийх албан ёсны айлчлалын бэлтгэл эхэлсэн тухай мэдээлж байв.

Энэ сонгуульд хэн ялсан нь тодорхой ч сонгуулийн урьдчилсан дүнг мягмар гаригт, эцсийн дүнг долоо хоногийн дараа зарлах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж