АНУ-ын Ерөнхийлөгч, Дональд Трамп, Оросын лидер Владимир Путин хоёрын анхны уулзалтаар ярилцах гол сэдэв нь аюулгүй байдал, Сирид терроризмтай хамтран тэмцэх, Украины байдал ба Оросын эсрэг хориг арга хэмжээний тухай байх ажээ. Үүний зэрэгцээ, Трамп тогтсон хөтөлбөрөөс халин Оростой худалдааны харилцаагаа ярих гэнэ. Путин Трамп хоёр G20 саммит дээр уулзаж болох тухай мэдээлэл гарсанд дээрх дүгнэлтийг шинжээчид хийж байна.
G20 саммит дээр уулзья
"Путин Трамп хоёрын анхны уулзалт хэзээ болохыг таамаглах нь бэрхтэй. АНУ-ын дотоод хэрэг хэрхэн өрнөж байгаагаас олон зүйл хамаарна. Мөн Америкийн элитийн дунд Оросын эсрэг санаа бодол хурцдах уу гэдэг нь бас хамаатай.
Тэд одоогоор хэн нэгнийхээ нутаг оронд уулзана гэж байхгүй биз ээ. Путин АНУ-д очихгүй, Трамп ч Орост ирэхгүй. Одоо тэдний хоорондын харилцаа огт өөр болсон. Тиймээс ямар нэгэн дундын талбар хайх хэрэгтэй болно. Оросын эсрэг хөөргөдлийг дахин гаргахгүйн үүднээс тэд ямар нэгэн том нийтийн арга хэмжээн дээр уулзах байх. Түүнд нь G20 саммит хамгийн тохиромжтой. Саммит дээр тэд харилцаагаа шинэчлэх талаар тохиролцоод уулзалтаа шинээр үргэлжлүүлж болох юм.
Долдугаар сар хүртэл хол гэхдээ тэнд цаг хугацааны асуудал чухал биш. Хоёр орны харилцаа бүр хурц үедээ биш харин зогсонги байдалд гэхээр байна. Тэр хоёрын уулзалт цаашлах хооронд Трамп ерөнхийлөгчийн суудалдаа өөрийн ямар нэгэн улс төрийн алхмаар тодорч, америкийн дээд хүрээн дундаа итгэлтэй болсон байх ёстой. Хоёр орны хооронд шинэ харилцааг сэргээх нь амаргүй ажил. Бүтэлгүйтвэл ээлжит “ярилцлага” болоод л өнгөрнө. Одоохондоо тэд албаны үгээр утсаар ярьсан билээ.
Дадал болсон хөтөлбөрөөс халих
Өмнө нь Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хоёр лидерийн уулзалт долдугаар сарын 7-8-нд Гамбургт болох G20 саммит дээр болно гэж хэлсэн байв. Гэхдээ уулзалт хэрхэн болох, ямар асуудал хэлэлцэх талаар ярихад эрт гэсэн билээ. Тэрбээр энэ талаар хэлж байхдаа дээрх хугацаанаас өмнө ч уулзаж болох юм гэсэн байна.
“Орос Америкийн харилцааны хөтөлбөр тийм ч өргөн хүрээнд биш. Учир нь хоёр орны аль алиных нь аюулгүй байдлын асуудлаар л хязгаарлагдсан байдаг. Одоо сөргөлдөөнтэй байгаа учраас харилцаа нь улам хязгаарлагдмал байгаа юм. Аюулгүй байдлын асуудал нь зарим талаараа нийлэхээ больсон байна. Тэдэнд цөмийн асуудлаар ч байр суурь нь нийлэхгүй байгаа зүйл их. Тухайлбал, Ираны эргэн тойрны асуудал. Одоо бол тэд терроризмын эсрэг тэмцэх асуудал дээр ойртох алхам хийх боломжтой болжээ.
Мэдээж, хоёр удирдагч уулзах юм бол Украины байдал эсвэл Оросын эсрэг хориг арга хэмжээний талаар ярилцаж магадгүй. Хоригийг цуцлахдаа биш харин энэ нөхцөлд харилцаагаа ямар байлгах вэ гэдэг талаар хөндөх нь тодорхой. Эдгээр асуудлыг тоохгүй орхих боломж байхгүй. Үүний зэрэгцээ тэд худалдааны асуудлаараа ярилцах болно. Харилцааг зарчмын хувьд цоо шинээр байгуулахын тулд нэг чухал алхам хийх ёстой. Тэр нь дээрх сэдвээс гарах болов уу.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР