Хуучирсан мэдээ: 2017.02.15-нд нийтлэгдсэн

ӨСГӨХ монгол УХААН

-Энэ бүх хөнгөлөлт, урамшуулал, чөлөөлөлтийг хэн хүртэж, хэн чөлөөлөөд байна вэ гээд хайвал явж, явж нэг л хаалганд очно. Тиймээс л өсгөөд, өсгөж байгааг нь ажиглах нь өнөөгийн бидний ухаан-

Найман зууны дараа хожмын үр сад нь валютанд чангалуулж, татварт зүдрэхийг мэдсэн бол их хаад татвар, мөнгийг санаачлаа ч уу, үгүй ч үү. Хөгийн ч юм бодох юм. Барих барьцгүй, бэлэн мөнгөгүй болсон Монголын эдийн засагт нөлөөгүй дэлхийн зах зээл, эсрэгээрээ нөлөөтэй үнийн уналт гэж алга. Галт тэргээр явахад долоо хоногийн газарт нефтийн үнэ нэмэгдэхэд манайд хоногийн дараа л нэмнэ. Яагаад гэвэл ядуу монголчууд ямхын савныхаа хэрээр татсан нөөц нь дуусчихсан учраас тэр. Харин нефтийн үнэ навс буухад ямхын сав нь дундарна гэж гонж. Долоо байтугай хэдэн сараар үнэтэй цагийн шатахуун дуусахгүй. Арав илүү доллараар үнэ нь унаад байхад хэдэн сарын дараа, хэзээ хойно 100 ч хүрэхгүй төгрөгөөр буулгаад, буцаад үнэ нэмэгдэх магадлал гаргасан шинжээчийн сургаар үнээ өсгөнө. Дээр нь бидэнд байдаггүй шахуу валютын ханш гэж бас нэг юм бий. Түүнээс бас л хамаарна. Нефть нь буусан ч валютын ханш нь өсвөл дахиад л шатахууны үнэ нэмэгдэнэ. Үүнийх нь төлөө тэднийг онцгой албан татвараас чөлөөлдөг. Түүнийгээ үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж манайд нэрлэдэг. Экспортлогч биш импортлогч улс аргагүй л…

Импортлогч улсад валют, нефтийн ханш шууд хамааралтай. Валют өсвөл шатахуун импортлогчид жижиглэнгийн үнэ нэмнэ. Учир нь, нефтиэ валютаар авдаг. Шатахуун импортлогчид үнээ нэмбэл таксины үйлчилгээ, талх, боов, гурил, будаа, элсэн чихэр, бохь, тамхи, тарианы үнэ дагаад өснө. Гэхдээ нугалаатай нэмэгдэнэ. Дараагийн өсөлтийн нэмэгдлийг давхар шингээхээ манай ченжүүд, ченжүүдээс бараа авдаг дэлгүүрийнхэн, дэлгүүрээс бараагаа авдаг баар, ресторан андахгүй. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэхэд хэдэн долоо хоногийн өмнө Хятадаас авчирсан гурил, будаа, хувцас, тэр ч байтугай тамхи доод тал нь 50-100 төгрөгөөр нэмэгдэнэ.

Гэтэл “Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд кг элсэн чихрийн үнэд 3-5 төгрөгийн өөрчлөлт орно” гэсэн судалгаа бийг ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Цоодол хэллээ. Судалгаагаар болдог бол сайхан л байна. Даан ч тийм зүйл манайд үгүй. Чи өсгөвөл би өсгөнө. Ердөө л энэ. Үнийн өсөлтөөс аль болох илүү ашиг олохыг бодно уу гэхээс тэр нь алсдаа өөрт нь гай болно гэдгийг хэн нь ч бодохгүй. Бодох боломжийг ч төр нь олгохгүй. Үнэ нэмэхээс өөр арга алга гээд нэмбэл маргааш нь төрөөс түүнийг нь сайшааж татвараас чөлөөлнө. Хөнгөлнө. Дараагийн удаад дахиад нэмнэ. Дахиад өгнө, авна. Өнгөрсөн жил гэхэд л шатахуун импортлогчдод тонн тутамд нь 520 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсан бол энэ сараас эхлэн 70 мянган болтол нь бууруулжээ. Ингэснийх нь хариуд шатахуун импортлогчид 80-150 төгрөгөөр шатахууныхаа жижиглэнгийн үнийг нэмж “гийгүүлэв”.

…Араас нь байрны булангийн ТҮЦ-ийн эмээ тамхиа хоёр зуун төгрөгөөр нэмэв. Ченжүүд тамхиа нэмсэн болохоор тэр гэсэн. Эмээд шатахуун өссөн одоо ам.доллар өснө гэж ченж хэлсэн. Ченжид “Найман шарга”-ын ченж ам.долларыг өсөх талаар хэлсэн л дээ. Ингээд л бүгд сургаар суга суга барааныхаа үнийг өсгөнө.

Энд эдийн засгийн онол энэ тэр ямар ч хамаагүй. Угаасаа түүнээс тэс өөр хууль манайд үйлчилдэг болохоор тэрний ч хэрэг байхгүй. Тэр зохицуулалтыг нь хийж, бодлого барих ёстой сайд нь хамгийн сайн ажиглагч. Түүнээс ч илүү ахмадуудын бодлыг уншигч бас бий. Гол зарчим нь өсгөх. Хямд үнээр ихийг борлуулж, ирээдүйд илүү их ашиг олно гэсэн ойлголт цаашаа. Өнөөдөр нэмэгдэл нэрээр хэдийг олох нь л чухал. Энэ бүх хөнгөлөлт, урамшуулал, чөлөөлөлтийг хэн хүртэж, хэн чөлөөлөөд байна вэ гээд хайвал явж, явж нэг л хаалганд очно. Тиймээс л өсгөөд, өсгөж байгааг нь ажиглах нь өнөөгийн тэдний ухаан. Тэднийг ажиглаад, зүхээд, халамж горьдоод халаглан суух нь 90 хувийнх нь ухаан. Нийлээд Монгол ухаан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж