Гадаад харилцааны яамнаас сар бүрийн уламжлалт “Мэдээллийн цаг” нээлттэй уулзалтыг өнөөдөр /2017.02.14/ зохион байгууллаа. Уулзалтад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Булган, Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал А.Төмөр, Хилийн хэлтсийн дарга Д.Ганболд, Консулын газрын захирал Я.Ариунболд, Хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасар, Хөрш орнуудын газрын дэд захирал Г.Байгалмаа нар оролцсон юм.
Монгол Улсын Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн нэн тэргүүнд улс орны нийгэм, эдийн засагт тулгараад буй хүндрэлийг даван туулах тал бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Засгийн газрын шинэ бүтцээр гадаад худалдааны чиг үүргийн асуудал Гадаад харилцааны яам /ГХЯ/-нд шилжсэн бөгөөд тус яаманд Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газар /ГХЭЗХАГ/ байгуулагдаж, Монгол Улсын гадаад орнууд болон олон улс, бүс нутгийн байгууллагуудтай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого боловсруулах, зохицуулалтаар хангаж, хэрэгжүүлэх, хоёр болон олон талт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах, хил орчмын худалдааг хөгжүүлэх, бүс нутгийн интеграцид нэгдэх зэрэг асуудлыг хариуцан ажиллаж байна гэдгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ярианыхаа эхэнд онцоллоо. Тэрбээр Монгол Улсын гадаад худалдаа, хамын ажиллагаа ямар байгаа тоон үзүүлэлтээр тайлбарлав.
БАРАА ЭРГЭЛТ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Манай улс өнгөрсөн 2016 онд дэлхийн 152 улс, оронтой худалдаа хийснээс 74 улсад бараа экспортолж, 152 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8,3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар буюу 191.5 сая ам.доллараар буурсан байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.5 тэрбум ам.доллараар эерэг гарчээ. Экспорт 4,9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 248 сая ам.доллараар буюу 5.3 хувиар өссөн байна. Нийт бараа эргэлтийн 59.5 хувь буюу 4.9 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай, 11.31 хувь буюу 963.2 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 6.36 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 12.26 хувиар тус тус буурсан байна.
Экспортыг бүтцээр авч үзвэл:
Монгол Улс дэлхийн 74 оронд бараа, түүхий эд экспортлосноос
БНХАУ-д 79.0 хувь,
Их Британид 11.3 хувь,
Швейцарьд 4.7 хувь тус тус ногджээ. Нийт экспортын 91.4 хувийг эдгээр орнуудад гаргасан байна.
Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 97.5 хувь буюу нийт экспортын 69.1 хувийг эзлэж байна.
Импортын бүтцийг авч үзвэл:
Импорт 3,4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны гүйцэтгэлээс 440 сая ам.доллараар буюу 11.6 хувиар буурсан байна.
Эрдэс бүтээгдэхүүний импорт 724 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 212.2 сая ам.доллараар буюу 22.7 хувиар буурлаа. Эрдэс бүтээгдэхүүний импортын 73.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна.
2016 онд 680.4 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. 2015 онтой харьцуулахад уг төрлийн барааны импорт 105.1 сая ам.доллараар буюу 13.4 хувиар багассан байна.
Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан бөгөөд энэ оны гүйцэтгэлээр дээрхи төрлийн барааны импорт нийт дүнгийн 70.9 хувийг эзлэж байна.
Нийт импортын 26.2 хувь ОХУ-д,
БНХАУ-д 31.0 хувь,
АНУ-д 4.1 хувь,
Японд 9.8 хувь,
БНСУ-д 5.9 хувь,
ХБНГУ-д 3.6 хувь ногдож, нийт импортын 80.6 хувийг эдгээр орнуудын гарал үүсэлтэй бараа эзлэж байна.
Харин 2017 оны нэгдүгээр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 705.7 сая ам.доллар болж, 2016 оны мөн үеэс 177.4 сая ам.доллар буюу 33.6 хувиар өссөн байна. Цаашдаа ч бараа эргэлт өсөх дүр зураг ажиглагдаж байгааг Д.Даваасүрэн яриандаа онцоллоо.
ХУДАЛДААГ ХӨНГӨВЧИЛНӨ
Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орсон 99 дэх орон болжээ. Хэлэлцээрт нэгдэн орсноор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд хөгжлийн түншүүдээс дэмжлэг авах, худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад худалдааны зардлыг бууруулах, экспортыг дэмжих, дамжин өнгөрөх тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, гааль хяналтын байгууллагуудын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж бүрдэх ажээ. Хэлэлцээрт ДХБ-ын 110 гишүүн нэгдэн орсноор хүчин төгөлдөр болох юм.
Мөн “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-т хоёр тал гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Ингэснээр манай улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чухал ач холбогдолтой гэж албаны эх сурвалж тодотголоо.
ХӨРШ ОРНУУД “ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР” БАЙГУУЛНА
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд гурван талын “Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийг Монгол Улсад байгуулахаар болжээ. Уг төвийг Улаанбаатарт байгуулах саналыг Орос, Хятадын талд хүргүүлж, идэвхтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна. Эдийн засгийн коридор байгуулахтай холбоотой асуудлаар гурван талын экспертүүдийн түвшний уулзалтыг 2017 оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрт тусгасан 32 төслийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр талтай тохиролцож, ТЭЗҮ-г боловсруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана гэж Д.Даваасүрэн ярилаа.
ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХАРИЛЦАА
Хил залгаа оршдог хөрш орнуудаас гадна Япон, АНУ, БНСУ, Канад гэх мэт гуравдагч хөрш орнуудтай ойр дотно харилцдаг. 2016 оны зургадугаар сараас "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. “Хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан хороо, 13 дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, хоёр тал байнга зөвлөлдөж буй ажээ.
БНСУ болон Евро Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллаж байна. 2016 оны 10 дугаар сард Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах Хамтарсан судалгааны багийн ажлын даалгаварт хоёр тал гарын үсэг зурж, хамтарсан судалгааны ажлын хэсгийн анхдугаар уулзалтыг /12 дугаар сар/ амжилттай зохион байгуулжээ.
Түүнчлэн Монголын экспортын бүтээгдэхүүн уламжлалт зах зээл болох ОХУ, Беларусь, Казакстан, Кыргиз, Армений зах зээлийн тариф, тарифын хориг саадыг бууруулах, арилгах үүднээс Евро Азийн Эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохиролцоод байгаа ажээ.