Амь үрэгдэгсдийг оршуулах ажиллагаа эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.30-нд нийтлэгдсэн

Амь үрэгдэгсдийг оршуулах ажиллагаа эхэлжээ

Дэлхий дахиныг сэрдхийлгэсэн Норвегийн зартай алуурчин Брейвикийн үйлдсэн аймшигт хэрэг гарснаас хойш долоо хоногийн дараа амиа алдагсдыг оршуулах ёслолын ажиллагаа Норвеги даяар гашуудалтайгаар эхэллээ. Эл халдлагын үеэр 77 хүн үрэгдсэний дотор дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байсан юм. Норвегийн удирдлагууд хохирогчдын төрөл төрөгсдийн хамтаар Утойя арлын хохирогчдод хүндэтгэл үзүүлэхээр Осло хотод цугларчээ.  
Гэмт хэргийн золиос болж, амиа алдагсдын дундаас хамгийн түрүүнд 18 настай Бано Рашидийг Ослогийн ойролцоо оршуулж, дараа нь 19 настай Хажи Ахмедыг Хамар хотын баруун өмнөд хэсэгт оршуулжээ. Энэ үеэр Норвегийн Гадаад хэргийн сайд Жонас Гар Стойр Несодены хойгт очиж Рашидын оршуулгын ёслолд оролцсон бол ноён Столтенберг Осло дахь оршуулгын ёслолд оролцжээ.
Харин энэ зуур цагдаа нар хохирогчдын нэрсийн жагсаалтыг бүрэн байдлаар гаргаж, хүйтэн зэвсэг шагайсан алуурчин Андерс Беринг Брейвикийг ахин дахин байцааж байна. Брейвикийн халдлагын дараа хэт даврагсдын бүлгэмүүдийн зохион байгуулалттай болзошгүй халдлагын тоо өсч, нэмэгдээгүй талаар цагдаа нар мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Утойя арал дээр болсон халдлагын үеэр амиа алдсан 69 хүүхэд, залуучуудын дийлэнх нь Хөдөлмөрийн намын залуучуудын хөдөлгөөний гишүүд байжээ.
Норвегийн удирдлагууд Брейвикийн сэтгэцийг судлуулахаар хоёр сэтгэл зүйчийг томилоод байгаа ба тэд ирэх арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд прокуроруудад тайлангаа тавих юм. Өнгөрсөн даваа гаригт болсон шүүх хурлын үеэр Брейвик өөртэй нь хоёр ч сүлжээ холбоотой ажилладаг тухай хэлжээ. Норвегийн ерөнхий шүүгч Брейвикийн ялын тогтоол энэ оны сүүл хүртэл гарах боломжгүй талаар мэдэгдэж, шүүх хурал магадгүй ирэх жил болж болохыг ч үгүйсгээгүй байна.


Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж