Бусдын эд хөрөнгийг залилж, хулгайлсан, улсын төсвөөс хувьдаа завшсан, хүний аминд хүрсэн гэхчлэн улсад болон иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын 13 иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна.
Эрэн сурвалжлагдаж буй иргэдийн тоог саяхнаас О.Элбэгжаргал, Б.Нарантуяа нар 13 болгож нэмжээ.
Булган аймгийн харьяат 25 настай О.Элбэгжаргалыг хулгайн хэрэгт, 40 настай Б.Нарантуяаг бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт сэжиглэж ийнхүү дэлхий даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна. Үүнээс гадна гэмт хэрэг хийгээгүй ч ор сураггүй алга болсон 54 настай Д.Ганхуяг, 31 настай С.Мөнхбаяр гэсэн хоёр Монгол эрэгтэйг олон улсын Эрүүгийн цагдаагийн газар дэлхий даяар хайж буй юм.
Д.Ганхуяг нь 16 жилийн өмнө ОХУ-аас сураггүй алга болоод интерполоор эрэн сурвалжлагдсан ч өдийг хүртэл олдоогүй байна. Тиймээс зарим эх сурвалж тухайн иргэнийг амиа алдсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. С.Мөнхбаярыг таван жилийн өмнө Монголоос гэнэт чимээ сураггүй алга болсон гэж интерполоор хайж эхэлсэн ч олдоогүй байгаа юм.
Одоогоос дөрвөн жилийн өмнө олон улсын Эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор Монгол Улсын иргэн Н.Энхтуяа, Б.Хуяг. Т.Билэгт, Т.Аятунгаа, Б.Солонго, Т.Анез гэх зургаан хүнийг эрэн сурвалжилж байлаа. Гэтэл өнөөдөр /2017.02.08/ 15 болж нэмэгджээ. Энэ нь нас барсан байж болзошгүй гэж үзэж байгаа Д.Ганхуяг, С.Мөнхбаяр нарыг хамруулсан тоо юм.
ЗУРГААН ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭРЭН СУРВАЛЖЛАГДСАН Н.ЭНХТУЯА ХААНА ЯВНА?
Өдгөө 56 настай Н.Энхтуяа нь интерполоор эрэн сурвалжлагдаад зургаан жил боллоо. Түүнийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын төрсөн дүү гэдгийг олон нийт сайн мэднэ. Тэрбээр одоо Сингапурт улсад орогнож байх магадлалтайг албаны зарим эх сурвалж ярив. Англи, Орос хэлийг эх хэл шигээ эзэмшсэн Н.Энхтуяаг экс Ерөнхийлөгч ахтайгаа нийлж улсын их хэмжээний хөрөнгийг хувьдаа шамшигдуулан эх орноосоо оргон зугтсан хэмээн хуулийнхан буруутгаж, дэлхий даяар хайж эхэлсэн ч олоогүй явна. Бээжин, Москва хотуудад хэдэн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хаус Н.Энхтуяагийн нэр дээр байдаг гэх баталгаагүй мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан. Хэрэв энэ нь үнэн бол тэрбээр ОХУ, БНХАУ-д амьдарч байх магадлалтай.
Н.ЭНХБАЯРЫН ТУСЛАХЫН АХ Б.ХУЯГ БАРИГДААГҮЙ
1978 онд төрсөн Б.Хуяг гэх залууг Интерполоор эрэн сурвалжлах болсон шалтгаан нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой. Н.Энхбаярын туслах Б.Тулга гэх залуугийн төрсөн ах энэ залууг Н.Энхтуяагийн хамт мөнгө завшиж, оргон зугтсан нэрийдлээр эрэн сурвалжлаад таван жилийн хугацаа өнгөрч байна. Тэрбээр Монголд байхдаа “Хар дун” гэх компанийн захирал байжээ. Түүний хувьд НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор "Өргөө" зочид буудлыг өөрийн "Хар дун" компанид шилжүүлсэн нь түүнийг эх орноосоо дайжихад хүргэжээ. Б.Тулга одоо хаана орогнож буй талаарх таамаглал, түүнтэй холбоотой мэдээллээ цагдаагийнхан нууцалж байна. Хуулиараа интерполоор эрэн сурвалжлагдаж буй иргэдийн талаарх шинэ мэдээлэл, баримт болоод өмнө нь хэдэн хүнийг хайж байсан зэрэг нь нууцын зэрэглэлтэй байдаг юм.
АНУ-ААС ЗАХИА БИЧЭЭД СУРАГГҮЙ БОЛСОН Ч.ГАНБАТ
Төсвийн их хэмжээний мөнгийг угаасан хэрэгт сэжиглэгдсэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг эрхэлж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн интерполоор эрэн сурвалжилж буй. Тэднийг их хэмжээний мөнгө шамшигдуулан оргон зайлсан хэргээр эрэн сурвалжилж буй.
Энэ хэрэгт холбогдуулан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас өнгөрсөн 2016 оны намар баривчлан саатуулж, дараа нь батлан даалтад гаргасан билээ. Түүний хамт БНСУ-ын иргэн, “Эл Си Ти Эс” компанийн гүйцэтгэх захирал Ли Жон Гиол, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэлтсийн дарга З, “Бизнес Имблоёд” компанийн Б нарыг мөн хорьж, шалгасан юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т заасан залилангийн хэргээс гадна Эрүүгийн тусгай ангийн хуулийн 166.2-т зааснаар мөнгө угаасан хэрэгт давхар сэжиглэн шалгасан. Энэ хэргийг мөрдөх ажиллагааг одоо ч Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг явуулж, холбоотой этгээдүүдийг ээлж дараалан байцааж байгаа юм.
П.БАТ-ЭРДЭНЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЬ ХАНГАВАЛ МЭДҮҮЛЭГ ӨГНӨ ГЭЖЭЭ
Дээрх баривчилгааны хамт Б.Батзаяагийн зөвлөх “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан байдаг. Гэвч баривчлах тушаалын сургаар Ч.Ганбат Сингапур улсаас АНУ руу зугтсан юм. Тиймээс түүнийг Цагдаагийн ерөнхий газар интерполд хандаж, эрэн сурвалжлуулахаар болсон. Мөн түүнтэй хамт “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг одоогоос хоёр жилийн өмнөөс интерполоор хайж эхэлсэн билээ. Энэ үед АНУ-ын тал интерполоор эрэн сурвалжлагдаж буй Ч.Ганбатыг баривчлахад хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ Монголын хуулийн байгууллагынханд илэрхийлсэн байдаг. Гэхдээ одоо Ч.Ганбат Англи улсад орогнож байх магадлалтайг албан бус эх сурвалж мэдээлжээ. Харин саяхан буюу өнгөрсөн арванхоёрдугаар сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ “Миний аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтад авна гэвэл мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Ирж авна уу” хэмээн дугаараа нууцалсан утаснаас ярьсан тухай зарим хэвлэл мэдээлж байсан.
Т.АЯТУНГАА Б.СОЛОНГО НАР ЖАГСААЛТАД БАЙНА
Хүүхдийн эсрэг гэмт хийсэн хэмээн Т.Аятунгаа, Б.Солонго нарыг дөрвөн жилийн өмнөөс буюу 2013 оноос эхлэн интерполоор эрэн сурвалжилсаар байна.
Хэргийг тодруулбал, Т.Аятунгааг Филиппин улсын иргэн Чарльз Эдвард Эргэн буюу түүний охиных нь аав Т.Аятунгааг хүүхдээ аваад зугтаасан гэж буруутган, ийнхүү дэлхий даяар эрэн сурвалжлуулах болжээ. Харин Т.Аятунгаагийн ээж Б.Солонго нь охиныхоо адил хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн Интерполоор эрэн сурвалжлагдаж буй. Б.Солонго нь 1965 онд төрсөн бөгөөд охиныхоо хамт Филиппин улсад очиж амьдрахаар яваад ийнхүү эрэн сурвалжлагдах болсон юм. 2014 онд Т.Аятунгаа эх орондоо ирж, үүссэн асуудлын талаар хэвлэлийн хурал хийж байсан.
Монгол Улсын Үндсэн хуульд интерполоор эрэн сурвалжлагдаж буй өөрийн улсын иргэнээ бусдад барьж өгөхийг хориглосон заалт бий. Харин Т.Аятунгаа, ээж Б.Солонго нар дахин гэмт хэрэгт холбогдвол Монгол Улсын цагдаа шууд тэднийг баривчилж, олон улсын шүүхэд хэргийг нь шилжүүлэх хуулийн заалттайг Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалж тайлбарлав.
Дэлхийн улс орнууд өөрийн харьяа иргэн нь бусад оронд гэмт хэрэг хийж, интерполоор эрэн сурвалжлагдах үедээ эх орондоо ирсэн бол баривчилж өгөхөөс татгалздаг байна. Гэхдээ дэлхий даяар эрэн сурвалжлагдаж буй иргэн нь
Үндэстэн дамнасан терроризм
Хүн худалдаалсан
Хар тамхи бусдад дамлан борлуулсан тохиолдолд шууд баривчлан, байцаалт явуулах боломжтой аж.
Д.СҮРЭНХОР ТЭРГҮҮТЭЙ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛУУЛСАН ХҮМҮҮС
Цагдаагийн ерөнхий газар Интерполд гишүүнээр элсээд 26 жил болжээ.
Интерполын гишүүн болсон орны цагдаа, хууль хяналтын байгууллага эрэн сурвалжилж буй хүний тухай олон нийтэд мэдээлэх ёсгүй бөгөөд зөвхөн хууль хяналтын байгууллага мэдээлэл авах, ашиглах эрхтэй гэдгийг энд онцолъё.
Интерполд элсэн орсноос хойш Монгол Улсаас олны танил анхаарлын төвд байсан онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн болон иргэдэд их хэмжээний хохирол учруулсанд тооцогдсон Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор, “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр, 90 саяын гэх тодотголтой их хэмжээний мөнгө залилсан Т.Гансүх, удаа дараа улсын хил зөрчин, хууль бусаар оргон зайлсан У.Болд, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг мөн л энэ шугамаар эрэн сурвалжилж, саатуулан, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн билээ.
Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 онд Монгол Улсын 30 иргэн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан нь хамгийн өндөр тоо гэнэ.