УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2017.02.07/ ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хэлэлцэх байсан ч хуралдахааргүй болжээ. Маргааш хуралдаан зарлах эсэх нь ч тодорхойгүй байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалт хуудуутай болсон тул Засгийн газар шалгах ёстой гэж үзэн, өнгөрсөн есдүгээр сард Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Улмаар энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо судлах ёстой гэж үзэн, тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм. Тус ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалт нь Монгол Улсын хэд, хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан байдаг.
Энэ дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх болоход Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа өчигдөр дуусаж, энэ асуудлыг хэлэлцэх болоход тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Маргааш “Эрдэнэт”-ийг хэлэлцэнэ” гэдгээ мэдэгдсэн. Гэвч өнөөдрийн турш байнгын хорооны хуралдаан зарлагдахгүй байсаар эцэстээ хуралдахгүй боллоо.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж энэ асуудлыг хэлэлцсэн нөхцөлд УИХ-руу санал дүгнэлтээ оруулах ёстой юм.
Г.ДАРЬ