Хорвоогийн түмэн өнгөнөөс ховор өнгөнүүдийг хайн олж, өөрийн уран бүтээл, ажил амьдралынхаа хэмнэл болгон яваа залуу төгөлдөр хуурч, хөгжмийн хүрээнийхэн дундаа “Жазз гүнж” гэж нэрлэгдсэн Э.Шүтээнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр The Jazz Train хамтлагийн төгөлдөр хуурч.
-Хүн бүрт ойрхон байдаггүй жазз хөгжимд дурласан шалтгаан юү вэ?
-Би анх зургаан настайдаа Хөгжим бүжгийн коллеж /ХБК/-д Григорьева багш дээр төгөлдөр хуур мэргэжлээр суралцаж эхэлсэн. 11 дүгээр ангиа төгссөн жил Германы хөрөнгө оруулалтаар Гёте Институт, ХБК болон Их талын жазз ТББ хамтран Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим буюу GMUB (Goethe Musiklabor Ulanbator) төсөл хэрэгжсээр хоёр жилийн турш суралцаж, анх жазз хөгжмийн талаар жинхэнэ ойлголтыг авч байсан. Дэлхийн домог болсон жазз хөгжмийн бичлэгийг сонсох бүртээ жазз хөгжимд дурладаг байсан хэдий ч тэр хоёр жил миний нүдийг нээж өгсөн. Намайг хамгийн их дэмжиж, урамшуулсан хүн бол манай энэ төслийн удирдагч, Монгол Улсад ажиллаж байсан Германы контрабасс хөгжимчин Мартин Зенкэр багш маань байсан.
-Жаззийн бусад урлагийн төрлүүдээс ялгарах гол онцлог нь юу гэж боддог вэ.Жазз хөгжмийн төслийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Яг тухайн цаг мөчид байх. Нэг зохиолыг тоглох бүхэндээ өөр өөрөөр тоглодог учраас тухайн үеийн сэтгэл хөдлөлийг дамжуулах хэл, мөн хөгжимчид хоорондын хоорондоо ойлголцох харилцан ярианы хэл гэж боддог. Нийгэмд, олон нийтэд хөгжмөөр дамжуулаад өөрийгөө эрх чөлөөтэй хэр нь бүтээлч байдлаар илэрхийлж болно. Хүний гаднах төрх шууд нүдэнд ил харагддаг хэдий ч, дотооддоо ямар хүн бэ гэдгийг хөгжмөөр, бүтээлээр нь таамаглаж болох юм шиг санагддаг.
Төслийн шугамаар сар тутам гадаадын орнуудаас мэргэжилтэн ирж, хичээл зааж, зөвлөгөө өгч байгаа. Мөн Мартин Зенкэр багшийн санаачлагаар Жазз Лав агентлаг байгуулагдаж 2016-2017 онд урилгаар дэлхийн алдарт саксафончин Jesse Davis , дуучин Kenny Washington , дуучин, төгөлдөр хуурч Champian Fulton нар тоглолтоо монголын үзэгчдэд сонирхуулдаг болсон. Мөн төслийн үр дүнд мэргэжлийн залуу хөгжимчдөөс бүрдсэн The Jazz Train байгуулагдаж, анхны жазз хөгжмийн CD бэлэн болоод байна.
-Жазз хөгжмийн гайхамшгийг зүйрлэ гэвэл?
-Өнгө будаг. Хөгжим хэрвээ амьдралд байгаагүй бол амьдрал хар, цагаан өнгөтэй санагдах байх. Тэр дундаа жазз хөгжим хорвоогийн хамгийн нандин, ховор өнгөнүүдийн зохицлыг өөртөө шингээсэн байдаг. Гол нь хөгжимчид тэдгээр өнгийг өөрсдөө хайж олох нь чухал.
-Ингэхэд “Жазз гүнж” нэрэндээ дуртай юу?
-Би хамтлагтаа хамгийн бага нь, бас ганц эмэгтэй. Тийм болохоор багш болоод найзууд маань “Жазз гүнж” гэж дуудсаар байгаад миний тодотгол болчихсон хэрэг. Яг үнэндээ би энэ нэрнээсээ жаахан ичээд байдаг. Хөгжимдөө гарамгай болчихвол ичихээ больчих байхаа.
-“Жазз гүнж” маань чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг ихэвчлэн шөнийн цагаар гардаг ч цаг зав гарах бүрд шинэ зүйлс туршиж үзэхийг хүсдэг. Анх 14 настайдаа өөрийн хийсэн богино хэмжээний киногоороо Япон улсад Азийн олон улсын хүүхдийн кино фестивальд оролцохдоо гадаад хэлийг маш сайн сурах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд англи хэлийг бие даан сурч эхэлсэн. Багадаа орос багшаар төгөлдөр хуур заалгасан маань гадаад хэл сурах эхлэл нь болсон. Бие дааж сурах илүү амар . Цаг хугацааны хувьд чөлөөтэй, баригдмал биш, дээрээс нь кино үзэх, ном унших гээд бусад хоббигоороо дамжуулаад шинэ зүйлийг сурна гэдэг сонирхолтой санагддаг. Дээрээс нь бас зураг зурах дуртай. Өнгөнүүдийг яаж холивол ямар өнгө гарч ирэх бол гэдгийг туршиж харах сонирхолтой санагддаг. Мөн фото зураг авах, кино зургийн эвлүүлэг хийх дуртай юм байна. Гэвч одоохондоо цагийн боломжоос болоод бүгдийг нь амжуулж чадахгүй байгаа.
-Зөндөө ихийг амжуулдаг юм байна. Нууц биш бол ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Нууцлах зүйл огтхон ч байхгүй. Хөгжим бол бүх нийтэд зориулсан байдаг учраас хөгжмийн мэргэжилтэй хүмүүсийн бүтээл үргэлж ил тод байдаг. Үзэгч, сонсогчдодоо уран бүтээлээ хүргэснээр бидний зорилго биелж, дараа дараагийнхаа зорилгыг биелүүлэх эрч хүчийг авдаг.
Мөрөөдөл бол хийсвэр зүйл. Хүн биелэх биелэхгүй нь хамаагүй бүхий л зүйлийг мөрөөдөж болдог. Харин зорилго бодит зүйл. Миний нас залуу байна. Хүмүүсийн ярьдгаар амьдралын босго 18 насандаа хүрч ирээд байна. Би хөгжмийн зохиолчоор суралцаж байгаа. Цаашид гадаад оронд суралцах зорилго бий. Хувь тавилан надад ямар бэлэг бэлдсэнийг таашгүй ч миний зорилго намайг “боломж” хэмээх хаалга бүрээр алхаж ороход тусална гэдэгт итгэлтэй байгаа. Магадгүй нэг л өдөр би дэлхийн олон орноор эх орныхоо нэрийг гарган аялан тоглох байх.
-Танай хамтлагийнхан маргааш тоглох юм байна. Тоглолтынхоо талаар танилцуулаач?
-Маргааш /2017.02.09/ Испанийн төгөлдөр хуурч Ignazi Terraza Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглох гэж байгаа. Бид түүний тоглолтод оролцоно. Уригдаж ирсэн хөгжимчин маань хараагүй хүн байгаа. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч дэлхийн од болж чадсан гайхамшигтай төгөлдөр хуурч. Жазз Лав агентлагаас Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгийн 100 хүнийг урилгаар энэ тоглолтыг үзүүлж байгаа.
Д.ЦЭЭПИЛ