Өмнөд Солонгосын тамхины экспорт өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.02.08-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын тамхины экспорт өсчээ

Өмнөд Солонгосын тамхины экспорт өнгөрсөн 2016 онд нэг тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх 2015 онтой харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2015 онд 914 сая ам.доллар байсан тухай Йонхап агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын тамхины экспортын хэмжээ Ойрхи Дорнодын орнууд болон Японд өссөнийг Өмнөд Солонгосын Гаалийн байгууллагын статистик харуулж байна.

Арабын нэгдсэн Эмират нь солонгос тамхины гол импортлогч. Нийтдээ Ойрхи Дорнодын орнууд өнгөрсөн онд 375 сая ам.долларын тамхийг Өмнөд Солонгосоос импортолжээ. Харин Япон 143 сая, АНУ 104 сая ам.доллараар тус тус солонгос тамхи худалдан авчээ.

Харин Өмнөд Солонгос улс өнгөрсөн онд гадаад орнуудаас 414 сая ам.долларын янжуур болон навчин тамхи импортолсон нь өмнөх 2015 онтой харьцуулахад 20.8 хувь өссөн үзүүлэлт юм.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага хамгийн сүүлд гаргасан судалгааны тайлангаар жилд зургаан сая хүн тамхи татсанаас болж амиа алдаж байгаа ажээ. 2030 он гэхэд энэ тоо дахин хоёр саяар нэмэгдэх төлөв байгааг уг судалгаанд онцолжээ. Дэлхийн хэмжээнд нэг тэрбум 100 сая гаруй тамхи татдагаас 80 хувь нь орлого багатай юм уу дунд зэргийн орлоготой улс оронд амьдарч байна гэжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж