Ч.Отгочулуу: ”Эрдэнэт” хоосон улстөржилтийн золиос болох ёсгүй

Хуучирсан мэдээ: 2017.02.08-нд нийтлэгдсэн

Ч.Отгочулуу: ”Эрдэнэт” хоосон улстөржилтийн золиос болох ёсгүй

"Эрдэнэт" үйлдвэрийг тойрсон асуудалд улстөрч болгон байр сууриа илэрхийлж байгаа энэ үед эдийн засагчдын үгийг сонсох нь зайлшгүй чухал. Тиймээс уул уурхайн чиглэлээр мэргэшсэн эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголын төр авах боломж байсан уу? Таны байр суурийг сонсъё.

-Улсын төсөв алдагдалтай, бонд зээлийн хугацаа тулсан байхад "Эрдэнэт"-ийн 49 хувийг 400 сая ам.доллараар авах боломж хомс байсан байх. Тэгээд ч "Эрдэнэт"-ийн нийт орлогын 90 хувь роялти, татвар, дотоод худалдан авалт гээд шууд ба шууд бусаар Монголын эдийн засагт, тодруулбал Засгийн газарт ирж байна. Нийт олдог багахан ногдол ашгийнх нь 51 хувь тэртээ тэргүй Засгийн газарт ирнэ. Ийм үед 400 сая доллар нэмж зарах нь эдийн засгийн хувьд оновчтой шийдвэр биш. Дээр нь манай шинэ сангийн сайдын алдарт мэдэгдэлийн утга агуулгыг нь энд давтаад хэрэггүй байх.

Ч.Отгочулуу

-"Эрдэнэт" ер нь улсад хэр их мөнгө төлж ирсэн юм бэ? 2016 онд огцом буурсан нь сэжигтэй байна гээд л байгаа?

-Уг нь энэ мэт асуудлын үнэн утга  учрыг Сангийн яам хэлж байх ёстой. Харамсалтай нь, төрийн яам маань хүртэл бодлогоо улс төржүүлж, ААН-үүдээ алагчилдаг, улс төрийн байдлаас шалтгаалж эдийн засгийн янз бүрийн мэдэгдэл гаргаж суудаг хачин жигтэй жишиг тогтох вий дээ. Сонгууль бол сонгууль. Сонгууль өнгөрөө л бол төрийн сайд хүн аль ч иргэн, аль ч ААН-ыг нам энэ тэрийг нь харгалзахгүйгээр эрх ашгийг нь хамгаалж явдаг байх ёстой. Ядаж л байгаа юмыг байгаагаар нь хэлчихдэг байх нь шударга төрийн жишиг, улс төрийн наад захын л соёл шүү дээ.

За хадуурах нь, зүгээр өөрт байгаа мэдээлэл, ойлголтоо хуваалцая. Эрдэнэт үйлдвэр жил болгон алдагдалтай ажиллаж байсан тул 1978-1988 онд нийт 967.3 сая төгрөгийг улсын төсвөөс татаас хэлбэрээр авсан гэдэг. Тэр үед төгрөгийн ханш их хатуу байсаныг тооцвол одоогийн ханшаар олон зуун тэрбум, магадгүй хэдэн их наяд төгрөг болох нь ойлгомжтой. Сангийн яам энэ мэт тоонуудыг байгаагаар нь нийтэд ил гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол зөв буруу ойлголт их гарч байна.

Асуулт руугаа эргэн оръё. Зэсийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн хувь 5% байдаг. Үнийн өсөлтөөс хамаарч 0-30% хүртэлх нэмэлт татвар ногдуулдаг. Энэ роялтийг манайх шууд борлуулалтаас авдаг. Гэтэл дэлхийн ихэнх улсууд ашгаас нь роялти авдаг.  Манай улсын төсвийн орлогын хувьд энэ роялти хамгийн чухал. Ашигтай ашиггүй ажиллах нь хамаагүй, хувьд байна уу төрд байна уу , бүүр ч падлийгүй, ухаж гаргаад вагонд ачаа л бол шууд Лондоны биржийн үнээр үржүүлээд л 5-30 хувийг нь авдаг их харгис дэглэмтэй улс шүү дээ.

2015 оны хувьд нэг тонн зэсийн үнэ 5,000-6,000 ам.долларт хэлбэлзэж байсан тул АМНАТ 16 хувиар (5%+11%) ногдуулсан юм билээ. Харин 2016 онд зэсийн дундаж үнэ 4600 ам.доллар/тн байсан учир АМНАТ 5 хувь (5%+0%) байна. 2015, 2016 онуудад зэсийн үнэ дараалан унасныг дагаад Эрдэнэтийн борлуулалтын орлого ч их хэмжээгээр буурсан. Мэдээж өнөө төлбөр, татвар дагаад их хэмжээгээр буурсан. Дээр нь 2015 онд илүү төлөлт хийснээ 2016 онд суутгуулж таарсан байх.

Ер нь манай улс төрчид нэг зүйлийг ойлгомоор байгаа юм. Зэсийн үнэ 9000, 10000 доллар хүрч байсан дээр нь 68 хувийн татвартай байсан тэр зурвас үед л "Эрдэнэт" их татвар төлсөн. Гэхдээ энэ бол "Эрдэнэт"-ийн түүхийн багахан хэсэг. Энэ зурвас үеээр нь нийт Эрдэнэтийг төлөөлүүлж ойлгох нь уул уурхайн мөчлөг гэдэг юмыг огт мэдэхгүй байгаагийн л шинж.  Тэрнээс биш зэсийн үнэ 6000 тай хэсэг байхад АМНАТ нь 300 орчим тэрбумд л хэлбэлзэж ирсэн юм билээ. Гэтэл зэсийн үнэ яалт ч үгүй 4600 орж ирээд жил болчихоор төлдөг нь ч дагаад буурна шүү дээ.

-Оросууд ер нь яагаад зарчихав аа?

-Та наад асуултаа Оросуудаас өөрсдөөс нь асуу л даа. Хүний өмнөөс хариулах нь хаашаа юм?

-Гэхдээ таныг эдийн засагчийн хувьд асууж байна л даа? Таны таамаглал?

-Яахав хэд хэдэн шалтгаан гэж хэлж болохоор зүйл байна.

Нэгт, Ер нь зэсийн зах зээл асар их хэлбэлзэлтэй байна. Аз байвал ногдол ашиг нь хэдхэн арван сая доллар алдаг оног гарна.

Хоёрт, "Эрдэнэт"-ийн нөөц багасч байна. Металл авалт нь буурах төлөвтэй. Өөрөөр хэлбэл зардал зэгсэн өснө. Зөвхөн 2008-2012 онд гэхэд Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 600 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэсэн. Гэхдээ одоо уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хамгийн багадаа дахин 500 сая ам.доллар шаардлагатай гэсэн төлөвлөгөөтэй байна гэсэн. Оросууд энэ мөнгийг хэмнэх нь ухаалаг алхам.

Гуравт, өнөө 51 хувийг барьцаалдаг жинхэнэ луйвраас болж олон улсын арбитрт манайхан ялагдсан. Одоо "Эрдэнэт" 200 сая долларын өр төлж таарна. Арбитр дээр ялагдсан, луйвар булхайтай нэр холбогдсон, арбитрийн шийдвэр нь гараад өндөр торгуульд унасан зэргээс жийрхсэн байх.

Дөрөвт, Путин неолиберал бодлого явуулж ирсэн. Тухайлбал, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлээ либералчлах, нийгмийн халамжийг бууруулах, дээр нь их хувьчлал. Ядаж байхад Кримын хямралаас болж санкцд орсон. Ингээд мөнгө хэрэгтэй болсон байлгүй дээ том, том орд уурхайнуудаа их л зарж байгаа харагдаж байна.

Тавд, 2016 оны зургадугаар сарын сүүлээр "Ростех" мэдэгдэл гаргасан байна билээ. Утга нь "Эрдэнэт"-ийг зарсан нь харилцан ашигтай наймаа боллоо. Монгол-Оросын эдийн засгийн харилцаанд эерэг үйл явдал болж байна. "Ростех" үндсэн бизнестээ төвлөрөхийн тулд "Эрдэнэт"-ийн хувиа зарлаа. Монголчууд одоо нэг баг болоод "Эрдэнэт"-ээ аваад явах цаг нь болсон. "Ростех" "Эрдэнэт"-ээс гарч байгаа ч эргээд Монголд орж, дэд бүтэц ба бусад бизнест орох хүсэлтэй байна л гэсэн байсан. Вэб хуудсаар нь ороод англи, орос хүссэн хэлээрээ олоод уншиж болно шүү дээ.

-Орос талдаа ийм байж. Манайхан дотроо яагаад улс төржүүлээд байна вэ? Асар том хулгай явлаа л гээд байна.

-"Ростех" бол дэлхийд тэргүүлдэг компани. Оросын төрийн бодлогын нэг том бааз суурь. Энэ том компанийг хулгай луйварт оролцсон гэх гэж байгаа бол арай ч дээ, хэрээс хэтэрсэн хэрэг. Монголчуудын дотоодын энэ утгагүй улс төржилт дипломат бодлогод нөлөөлж эхлэх нь. Хойд хөрштэйгөө муудалцаад бид хаашаа нүүхийн? Хэний сонирхлоор, хэний хатгаасаар хэн энд цамнаад байна вэ? Бодох л асуудал. Тэгээд ч хулгай гэдэг бол гэмт хэрэг. Гэм бурууг зөвхөн шүүх эсвэл хуулийн байгууллагууд тогтоодог. Гэтэл тэдний өмнүүр улс төрчид орж гүйгээд байгаа нь яаж байгаа юм? Нөгөө эрхзүйт төр хаачсан? Манай улс төрийн намууд, хууль тогтоодог УИХ маань Үндсэн хуулийнхаа буулган дор, гадаад бодлогынхоо хүрээ хамжаарт байж сурмаар байна. Нам дотроо эрх мэдэл булаацалдсан эсвэл сонгуульд зориулсан овлигогүй алхмууд нь Монгол Улсын нэр хүнд, эдийн засагт нөхөж баршгүй хохирол учруулахаар байна. Зүүнгар яаж мөхлөө, Халх Монгол яаж Манжийн дагуул боллоо. Сургамж бэлээхэн байна.

-УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг (Аюурсайхан гишүүний хэлснээр) “эрх бүхий байгууллагын шалгаж тогтоосон дүгнэлт” гэж нэрлээд байгаа. “Эрх бүхий этгээд/байгууллага”-ын дүгнэлт гэж үзэх нь зүйтэй юү?

-"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувь бол Монголын төрийн өмч. Харин 49 хувь нь ОХУ-ын төрийн өмчит компанийн өмч байсныг Монголын компани худалдаж авсан. Оросын компани нь хувь нийлүүлэгч. Урьд нь Оросын төр байсан. Оросын тэр компани 49 хувийг авахдаа манай УИХ-аас зөвшөөрөл авсан уу, авсан. 2014-2015 онд УИХ дээр бөөн маргаан болж л байсан. Тэгж тэгж 2015  оны  аравдугаар сарын  22-ны өдөр тусдаа хууль  гаргаснаар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон баталсан байдаг. Ингэснээр 51 хувь бол төрийн өмч хэвээрээ. Харин 49 бол Оросын компанийн өмч болж байгаа. Гэтэл ийм энгийн асуудлаар л улс төрийнхний мэдэгдлүүд, хариу тайлбар л яваад байна л даа.

Эрх бүхий этгээд, эрх бүхий байгууллага гэдэг нь, хэрэв үнэхээр хуулиар тийм “эрх хэмжээ” олгогдсон бол шийдвэр гаргах ёстой. Яг шүүх шиг. Шүүхээс өөр тийм шийдвэр гаргах эрхзүйн субъект нь арбитр байж болох юм. Ажлын хэсэг хянаж, шалгаад дүгнэлт гаргах эрхтэй юу гэвэл эрх нь бий. Гэхдээ энэ дүгнэлтийг үнэн зөв гэдгийг баталгаажуулах нь УИХ-ын хийх ажил биш байлгүй дээ. Үндсэн хуулиа л уншицгаая л даа.

-Үндсэн хуулин дээр юу гэж байдаг юм?  Бас тэр хоёр Засгийн газар хоорондын гэрээ хүчинтэй байхад нь Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдсан гээд байгаа шүү дээ. 

-Үндсэн хуулийн маань 38-р зүйлийн 2-ын 9-д зааснаар Засгийн газар иймэрхүү асуудлаар бие дааж шийдвэр гаргах эрхтэй байж болох юм. Үндсэн хуулийн цэцээс энэ асуудлыг асуувал хэлээд өгөх байх. Би хуульч биш. Гэхдээ хэд хэдэн төрийн бодлого бас бус хууль дээр эхнээс нь дуустал буюу анхны төсөл боловсруулалтаас төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэх хүртэл нь ажиллаж үзсэний хувьд хэдэн зүйл хэлье. 

Аливаа гэрээг, хэлэлцээрийг УИХ-аар батлуулах нь Дуусгавар болгох асуудлаас тусдаа, шал өөр зүйл. Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу мэдээж УИХ соёрхон батлах заалттай. Гэрээг цуцлах тохиолдолд ЗГ санал оруулснаар УИХ цуцлах, дуусгавар болгохоор заасан боловч хуулийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэжээ. ОУ-ын гэрээ гэдэг нь 1988 онд нэгдэн орсон Олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц юм. Уг конвенцийн V Хэсэг, I Бүлэг, 42 дугаар зүйлийн 2-т Гэрээг зогсоох, цуцлах буюу оролцогчид түүнээс гарах асуудлыг зөвхөн тухайн гэрээний заалт буюу энэхүү Конвенцийг үндэслэн шийдвэрлэнэ. -Тэгэхээр 2 ЗГ-ын хооронд байгуулсан гэрээнд юу гэж заасан байна тэр нь хүчинтэй болохоор байна.

-Тэгээд тэр Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрт юу гэж заасан байдаг юм?

-Хоёр улсын ЗГ-ын хооронд байгуулсан гэрээний 17 дугаар зүйлд нэг тал нь өөрийн хувь хөрөнгийг бүрэн болон хэсэгчлэн хувьчлах, худалдах тохиолдолд Хэлэлцээр хүчингүй болохоор заажээ. 49% эзэмшигч өөрийн эзэмшлийн хувиа зарсан учраас энэ Хэлэлцээр ОУ-ын конвенцид зааснаар автоматаар хүчингүй болж байна гэх үндэстэй. Өөрөөр хэлбэл УИХ маань анхнаасаа энэ хэлэлцээрийг хүчингүй болох нөхцөлтэй нь хамт соёрхон баталсан байсан гэсэн үг.

-Нэгэнт энэ асуудлаар улс төржөөд байгаа юм бол Монголын зэс 49 хувийнхаа хувьцааг төрд өгчихвөл яасан юм?

-Огт боломжгүй асуудал биш шүү дээ. Төр ОХУ-аас шууд авч болоогүй юм бол одоо худалдаж авсан компанитай нь тохирвол авч болохгүй гэсэн юм байхгүй. Энэ бизнесийн ердийн хэлцэл. Мэдээж өртөг, зардал ихтэй хэлцэлд орно л доо. Хуулийн зөвлөх фирм, аудитын компани оруулах, санхүү, тайлан тооцоо, хэлцлүүд, хууль эрхзүйн баримт бичгийг нь шалгах гээд цаг хугацаа бас зардал гарна.

-49 хувийг Монголын зэс корпорацийн зөвшөөрөлгүйгээр шууд авах эрхзүйн үндэслэл байхгүй гэсэн үг үү?

-Байхгүй. Хоёр этгээд хоорондоо хэлцэл хийжээ. Гуравдагч этгээд гарч ирээд та 2-ын хэлцэл буруу гэж хэлэх эрхтэй л дээ. Гэхдээ хуулийн засаглалтай улс оронд хууль зүйн үндэслэлтэй л байх хэрэгтэй. Бүр анхнаасаа энэ өмчийн хувьцааны эрхийг хойд хөршдөө өгч оронд нь энэ уурхайг Оросуудын технологиор босгосон. Тухайн үед ингэж ОХУ-д эрх олгоогүй байсан бол өнөөдөр бид социализмын бүтээн байгуулалт гэх юмгүй сууж байж ч магадгүй. Тухайн үед хэрэгцээ нь байгаад үр өгөөжөө өгсөн.  Оросууд өөрсдийн хувьцаагаа "Ростех"-т шилжүүлсэн. Гэхдээ аль 2012, 2013 оны Санкт-Петрбургийн эдийн засгийн форумаас л Оросууд "Эрдэнэт"-ийн 49 хувиа зарах юм байна гэдэг нь мэдэгдэж эхэлсэн байдаг юм билээ. Манай хувийн компани овсгоо гаргасан. Оросууд ч дэмжсэн, мэдээж хаа холын Казах, Хятадад өгч болох л байсан. Гэхдээ Орос бол агуу гүрэн шүү дээ. Хэлсэндээ байдаг. Тэр агуу гүрний хувьчлалын бодлогод манай нэг компани оролцлоо. Ялан дийлээд 49 хувиа аваад нутагтаа ирлээ. Монголчууд барьж аваад бүлэглэн зодож байна. Магадгүй өрсөлдөөнд ялагдагсдын шургаа ч явж л байгаа байх. Ийм л юм болж байна.

-Тэгвэл ОХУ-ын талд буцаан шилжүүлэх нөхцөл яавал бүрдэх вэ?

-Хэрвээ "Ростех" болон "Монголын зэс" корпораци хоёрын хооронд хийгдсэн хэлэлцээр хүчингүй болбол ОХУ-ын талд 49 хувийн хувьцаа буцаад очих магадлалтай гэж харж байна. Гэрээгээ хүчингүй болгох үндэслэл нь гэрээндээ юу гэж заасан юм түүнийхээ дагуу л байх болов уу. Нэг талаас мөнгөө төлөөгүй, нөгөө талаас эрхээ шилжүүлээгүй гэх мэт нөхцөлүүд гэрээнд байдаг. Тэгвэл нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, өгсөн авснаа буцааж болно. Гэхдээ наана нь гэрээндээ юу гэж заасан байна, түүний дагуу шүүх эсхүл арбитраар шийдвэрлүүлнэ гэсэн үг. Одоогоор ОХУ хувьцаагаа худалдсан нь ашигтай ажиллагаа боллоо гэж мэдэгдээд байдаг, "Монголын зэс" корпораци нь ашигт ажиллагаагаа төлөвлөөд хууль ёсны эзэмшигчээс нь хуулийн дагуу худалдан авлаа гээд байдаг. Энэ тохиолдолд энэ хоёр талын аль нь ч гэрээгээ цуцлах сонирхол харагдахгүй байна. ОХУ-д шахалт үзүүлээд гэрээг цуцлуулаа гэж үзвэл ОХУ дараа нь хэнд зарах нь тодорхой бус. Мөн ОХУ хувьцааны төлбөрт хүлээн авсан мөнгөө буцаагаад төлөх сонирхол байхгүй л болов уу.

-Ажлын хэсгийн дүгнэлт УИХ-аар дэмжигдсэн тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь Засгийн газарт шилжих эрх зүйн үндэслэл үүснэ гэж тайлбарласан? Эсвэл УИХ-ын дүгнэлтийн дагуу шүүх шийдвэр гаргаад 49 хувийн Монголын зэс корпорациас авах боломж байх уу?

-Эдийн засагч хүний хувьд хуулийн асуудлыг хэлж мэдэхгүй байна. Миний харж байгаагаар төрийн байгууллага нь шийдвэрээ гаргажээ. Түүнийг нь дээд шатны байгууллага буюу УИХ хуульд заасан хугацаандаа багтаж байгаа бол хянаад шийдвэрлэх л байх. Гэхдээ эрх нь байна уу? Энэ чинь хууль тогтоох байгууллага шүү дээ. Эрх нь байгаад, хуульд заасан хугацаандаа шийдвэрлээд 49 хувийн хувьцааг төр мэдэлдээ авлаа гэж бодоход мөнгөө төлнө. Дээр нь өмнө хийгдсэн хэлэлцээртэй холбоотой, дараа нь үүсэх маргаан, шүүх эсхүл арбитрын зардал, дээрээс нь нэмээд хөрөнгө оруулалт гээд 1 тэрбум орчим доллар төр гаргана. Тэгээд хэдэн улс төрчдөө томилж ажиллуулаад, шахааны бизнесээ цэцэглүүлээд явах нь улсад ашигтай байна гэж үзэх үү гэдэг өөр асуудал. Манай шахаачид сүүлийн хэдэн жилд 6.1 тэрбум ам.долларыг хармаалж чадсаныг Оросууд аудитаар тогтоосон байдаг.  Тэгээд ч ОУВС болон түнш орнууд Эрдэнэтийн асуудлыг анхааралтай харж байгаа. Энэ улсад эрүүл саруул эдийн засгийн бодлого байна уу, өмчийн эрхийг хамгаалж байна уу, эсвэл улс төрийн эрүүл бус хандлагаар төрийн хүчирхийлэл явагдах нь уу гэж.

-Одоо тэгээд ер нь яах вэ?

-УИХ уг нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого гэж баталсан. Тус эрхзүйн баримт бичгийн дагуу бол Монголын уул уурхай өрсөлдөх чадвартай, орчин үеийн, хүчирхэг байж, төр аль болох оролцохгүй, харин хувийн хэвшилдээ тулгуурлаж хөгжих ёстой. Энэ бодлогоо л баримаар байна.

Одоо тэгээд хувийн хэвшилээ дээрэмдэнэ гэвэл нөгөө тал арбитрт хандаж таарна. Арбитр дээр очоод ялагдаж таарна. Учир нь "Ростех" гоомой юм хийх компани биш. Өнөөдрийнх шиг хэл ам гарах эрсдэлийг урьдчилан тооцсон байж таарна. Олон улсын нэртэй хуулийн компаниудыг гэрээ байгуулахдаа авч ажиллуулсан байна билээ. Тэд нэр хүндээрээ баталгаа гаргасан. Хэрэвзээ төрийн нэрээр хийх дээрэмдээ тулбал тэд арбитр дээр Монголын ЗГ-ын эсрэг ажиллаж таарна. Монголын ард түмэнд асар их ачаа ирнэ. Яг л "Эрдэнэт"-ийн 51 хувийг "Стандартад Чартеред" банкинд барьцаалсан шиг. Эсвэл "Хан ресурс" шиг. Тэгээд хөрөнгө оруулагчид дайжна. Хувийн хэвшил жигшинэ. Оросуудаа ч гомдооно. Энэ бужигнаанаас болж эдийн засаг хямарна. Эрх баригчид сонгуулиар  дүнгээ тавиулна. За энэ ч яахав бидний дотоод асуудал. Хамгийн аюултай нь Хятадаас өөр хөрөнгө оруулах улс үлдэхгүй. Ийм л их өндөр үнээр улс төрийн шоу хийх нь дээ бидний монголчууд.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж