“Талын түмэн адуу” /Winter Horse Festival/ нэртэй өвлийн адууны баяр тун удахгүй Төв аймгийн Алтанбулаг суманд болох гэж байна.
Гурав дахь жилдээ болж буй уг баярыг БОАЖЯ, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Алтанбулаг сумынхнаас гадна аяны анд ХХК, Аялал жуулчлалын ур чадварын төв, МУИС-ийн Бизнесийн сургууль, ТВ9, Star TV, Зууны мэдээ сонин зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байгаа юм байна.
Адууны баяр хоёрдугаар сарын 18-19-ны амралтын өдрүүдэд болно. Баярын үеэр адуу уургалах, бугуйлдах, эмнэг булгиулах тэмцээн болохын дээр ижил зүсмийн морьдоор гоёсон залуус үзүүлбэр үзүүлж, адууны тухай дууг гарамгай дуулаачийг шалгаруулах юм. Адууны баяраар богино зайн уралдаан зохион байгуулах бөгөөд морьдыг хүүхэд биш томчууд унах ажээ. 200-300 метрт уралдах богино зайн уралдаанд хүссэн хүн бүр оролцох боломжтойгоороо онцлог ажээ. Малчин монголчуудын хамгийн сайн анд адуунаас гадна үнэнч нохой байдаг. Тиймээс адууны баярын үеэр “Талын тайга нохой” тэмцээн, нохойтой жагсаал зохиохоор төлөвлөжээ. Мөн нохойн уралдаан зохион байгуулах гэнэ. Өмнө нь Хэнтий аймгийн Батноров суманд хоёр жил дараалан зохион байгуулсан адууны баярыг гадаадын жуулчид, аялагчид ихээхэн сонирхдог ажээ. Энэ жилийн хувьд Шинэ Зеланд, Их Британи болон Азийн орнуудаас жуулчид оролцохоор бүртгүүлжээ.
Алтанбулаг сум нь Улаанбаатараас 50 км зайтай. Сумын хойд хэсэгт Хустайн нуруу үргэлжлэн тогтсон байгалийн үзэсгэлэнт газар учраас гадаад, дотоодын олон зочин ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа адууны баярыг зохион байгуулагчдын нэг Э.Цэрэнбат тодотголоо.
Д.ЦЭЭНЭ