
Исландын нийслэлээс 200 орчим км зайд байдаг галт уул гэнэт “сэрж” үнс нурмаар тургилж эхэлснээс болж Европ чигийн бүх нислэгүүд хойшилж, аэро компаниуд өдөр болгон 200 сая ам.долларын хохирол амссаар яг долоо хонож байна. Дэлхийн олон нисэх буудлын хүлээлгийн танхимд хэдэн зуун хүн “түгжирч” хөлхөлдөж, бухимдаж байна. Ердөө л хэдхэн цагийн дараа ажил хэргийн уулзалтад очих ёстой бизнесмэн зангиагаа унжуулан, гайхашран зогсоо дүр зураг нүдэнд буух. Европын агаарын орон зайд өдөрт дунджаар 24 мянган нислэг шунгинадаг байсан бол өнгөрсөн ням гаригт ердөө л тавхан мянган нислэг хийж дөнгөжээ.
Энэ гайхал галт уулын нэр монголчуудад танил биш ч “Голдман сакс” хэмээх нэрийг бол сайн муу хачиртайгаар бид сайн мэдэх болсон. Тэд “Монгол газар”-т өгсөн зээлээ авч чадахгүй байгаа, Монгол Улсын Засгийн газар энэ асуудлаар нааштай арга хэмжээ авахгүй бол олон улсын шүүхэд хандана гэсэн утгатай захидлыг өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд манай Хууль зүй, дотоод хэргийн яаманд талбиад байгаа. Монголд Олон-Овоотын алтны уурхай, “Монгол газар” хэрэг ид шуугиан тарьж байх өдрүүдэд “Голдман сакс”-ын хувьцаа эзэмшигчид банкны удирдлага буруу ажиллаж, банкийг эрсдэлд оруулж болзошгүй байгааг эсэргүүцэж, жагсаал хийж байсан юм.
Харин энэ удаад “Голдман сакс”-ын хэрэг яагаад газрын тосны үнэд нөлөөлдөг билээ? Дэлхийд томд тооцогдох 151 жилийн түүхтэй энэ банкийг сонирхлын зөрчилдөөний хэрэгт буруутгаж байгаа юм. Улстөрчдөд л байдаг эвгүй “араншин”-тай холбоотой хэллэг шахуу гэж зарим нь ойлгодог сонирхлын зөрчилдөөн гэх энэ ойлголт бизнесийн хувьд эмзэг сэдэв. Энгийнээр, бондын арилжаанд эрсдэлтэй байдал бий болгож, мэдээллийг нуун дарагдуулснаар үнийг “будилуулсан” гэж тайлбарлаж болох юм. Энэхүү эргэлзээтэй наймаанаасаа тэд 1,02 тэрбум ам.долларын ашиг олсон гэж CNN мэдээлжээ.
Есөн жилийн өмнө бас энэ банкныхан Засгийн газрын нууц мэдээллийг урьдчилан мэдсэнээр маш их хэмжээний ашиг олж, нууцыг задруулсан этгээд шоронд орж байсан юм. Өнгөрсөн жил “Голдман сакс” 13,4 тэрбум ам.долларын ашигтай ажилласан ч харилцагчид нь ихээхэн хэмжээний алдагдал хүлээжээ.
Энэ удаад “Голдман сакс” хэрэг нэлээд өргөн “агуулга”-тай болж, түүний Герман, Их Британи болон Европын холбооны салбарт санхүүгийн шалгалт хийхээ зарлаад байна. Хэрвээ “Голдман сакс” буруутай гэж үзвэл их хэмжээний мөнгө нэхэмжилнэ. Үүнийг төлөхийн тулд “Голдман сакс” эзэмшдэг их хэмжээний бонд, тэр тусмаа нефтийн компаниудын бонд, хувьцаагаа зарж магадгүй учраас зах зээлд хөдөлгөөн ороод байна.
Цөлх ухаантай, бүдүүн “ширхэг”-тэй монголчуудын хувьд шалихгүй асуудал мэт боловч үүнэээс болж “Голдман сакс”-ын харилцагчид нэг тэрбум ам.долларын хохирол амссан гэж байгаа юм. Зарим эх сурвалж тус банкийг дэлхийн санхүүгийн хямралыг өдөөн хатгаж, “зохион байгуулсан” гэж үзжээ, “мундаг” байгаа биз.
“Голдман сакс”-ыг монголчууд мэддэг болсон “түүх” ч бас их сонин. Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг их зузаан харилцаатай, энд тэндхийн зээлд зуучилж өгдөг юм гэсэн. Энэ банкийг ядуу буурай орнуудыг зээлийн дарамтад оруулж атгадаг, засаглал султай авлигад дуртай улстөрчидтэй орнуудын төрийнхнийг гартаа оруулсан байдаг гэдэг. Монголд ч мөн адил эргэлзээтэй хөрөнгө оруулалтад нэр нь дурдагдаад л байдаг. Хамгийн тод нь гэвэл дуулиант “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын энд тэнд өртөөлөн барьцаанд тавьсан Олон-Овоотын алтны уурхайн бас нэг барьцаалагч. Барьцаалагч гэхэд бас хэцүү. Уг нь Монголын хуулиар ашигт малтмалын лицензийг зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах ёстой. “Голдман сакс” дэлхийд нэртэй банк мөртлөө жижигхэн Монголыг бассан уу, яасан “Голдман сакс интернэйшнл” компани байгуулаад түүнийхээ нэрээр зээл олгожээ. “Голдман сакс”-ын акулууд үйл ажиллагаа явуулж байгаа орныхоо хуулийг алганы хээ шигээ мэдэлгүй яахав. Өөрсдөө буруу үйлдэл хийсэн болохоор эдүгээ дэлхийн хэмжээний дээрх заргын дэргэд жижигхэн ч бас л хөөрхөн асуудал босч ирнэ. Манайхан ч бас бүтэхгүй “Голдман сакс”-т байсан лицензийг нь хүчингүй болгоод шинэ лиценз бичээд өгчихсөн. Ц.Мянганбаяраар эхэлсэн зунгааралдсан өр шир эдүгээ хоёр ч банкны хувь заяанд нөлөөлчихөөд байгааг та бид мэднэ. Уг нь “Голдман сакс”-аас 30 сая ам.долларын зээл авсан гэдэг боловч 27 сая нь л “Олон-Овоот”-ын дансад орж ирсэн. Гурван сая нь зуучлагч болон банкны нэрээр бус компанийн нэрээр лиценз авч байгааг нь мэдээгүй мэт царайлан өнгөрөөх ёстой төрийн ноёдод зориулагдсан хэрэг.
Дээр өгүүлсэнчлэн Монголд “Голдман сакс интернэйшнл” гэдэг компани байх боловч албан ёсоор уулзах хүн, ядахдаа хаяг үгүй. Энэ банкийг төлөөлж байгаа гэх Сингапур хавьцаагаас ирсэн нэг нөхөр Монголбанкныхантай үе үе уулздаг гэх боловч түүнийг нь манай төв банкныхан нэрийн хуудас төдийгөөр нь л гадарлах аж. “Хашир” нэг болохоор “Манай танай хоёулаа л зээлдэгч. Хоёулаа хамтраад мөнгөө л эртхэн олж авахыг бодьё” гэх маягийн юм ярьж байснаа нөгөө талд “Олон-Овоот”-ын хөрөнгө оруулагч гэж хэлж үздэг гэнэ. Зоос банкийг төр мэдэлдээ авсан, Анод банкинд Монгол банкны Эрх хүлээн авагч ажиллаж байгаа болохоор тэд Монгол Улсын төв банкийг адилхан л хоёулаа хохирогч хэмээн хань татаж байгаа нь тэр. Одоо харин Монгол Улсын Засгийн газрыг олон улсын шүүхэд дуудаж даналзах бололтой.
Олонх монголчуудад иймэрхүү л ойлголтоор танил болсон “Голдман сакс” дэлхийн зах зээлийг таагүй мэдээллээр “хөдөлгөж” байх шив дээ.
А.АЛТАНТУЯА