ТУ-154: Хар хайрцаг нь 1980-аад онд үйлдвэрлэгдсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.08-нд нийтлэгдсэн

ТУ-154: Хар хайрцаг нь 1980-аад онд үйлдвэрлэгдсэн байжээ

Хар тэнгист осолдсон ОХУ-ын Батлан хамгаалах яамны ТУ-154 онгоцны ослын шалтгаан эцэслэн гараагүй байна. Эрлийн ажиллагааны үеэр онгоцны гурван хар хайрцгийг олж, уснаас гаргасан ч мэргэжилтнүүд хар хайрцагт хураагдсан мэдээллийг бүрэн гүйцэт тайлж уншиж чадаагүй байгаа тухай “Коммерсант” мэдээлжээ.

Хар хайрцгийн кодчиллыг тайлах явцад ТУ-154 онгоцны үйл ажиллагаа, техник, эд анги доголдсон байж болох сэжиг илрүүлээгүй, тиймээс осол нисгэгчийн буруутай үйлдлээс болсон гэх дүгнэлтэд хүрсэн байна. Чухам нисэх багийн яг ямар алдаа 92 хүний амийг авч одсон эмгэнэлт ослын шалтгаан байв гэдгийг хараахан тодруулаагүй байгаа юм. Учир нь онгоцонд суурилуулсан дуу хураагуурууд нь 1980-аад онд бүтээгдсэн, өнгөрсөн зууны сүүлчээр ихээхэн түгэж байсан энгийн дамартай дуу хураагууртай төстэй эд тул өнөөдрийн төвшинд тэдгээр хар хайрцгаас мэдээллийг бүрэн бүтэн тайлах боломжгүй болсон гэнэ. Тийм техник хэрэгсэл, мэргэжилтэн ч дутмаг байгаа гэх эх сурвалжийн мэдээллийг “Коммерсант” онцолсон байна.

Энэ шалтгааны улмаас Батлан хамгаалах яамны зүгээс ОХУ-ын Улс хоорондын нисэх хүчний хороо /МАК/-ноос тусламж хүсч, хамтран ажиллаж байгаа аж.  

Одоо ослын хэрэгт ажиллаж буй мэргэжилтнүүд шалтгааныг эцэслэн тогтоохын тулд ТУ-154 онгоцны сүүлийн нислэгийн компьютер загварыг гаргахаар болсон байна. Хөдөлгүүрийн горим, чиглүүлэгчийн байрлал гээд хар хайрцгаас тайлсан бүхий л мэдээллийн дагуу компьютер загварыг гаргаснаар таамаг төдий байгаа хувилбаруудыг бодитоор эцэслэх боломжтой гэж тэд үзжээ. Тодруулбал, ямар нөхцөл байдлын улмаас онгоцны далавч өргөгч ажиллаагүй болсон, онгоц ямар жинтэй, агаарт ямар шугамд байрлаж байсан зэргийг тодорхойлох боломжтой аж. Сүүлд гаргасан хувилбараар нисэх багийн гишүүд онгоц доторх ачаа тээш, зорчигчдыг буруу хуваарилсан байж болзошгүй гэх таамаг бас байгаа юм. Компьютер загвар онгоц яг ямар шалтгааны улмаас унасан, нисгэгч өөрийгөө болоод зорчигчдыг аврах боломжтой байсан уу гэх асуултад хариулт өгөх ажээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны ТУ-154 нисэх онгоц 2016 оны арванхоёрдугаар сарын 25-нд Хар тэнгист сүйрсэн. Сирийн баруун зүгт орших Латакиа хүрэхээр Москвагаас ниссэн онгоц замдаа Сочид газардаж, түлшээ сэлбээд хөөрсөн боловч ердөө хоёрхон минутын дараа онгоцны дохио радарын дэлгэцнээс алга болов. Нисэх багийн дарга хамгийн сүүлд агаарын удирдлагын төвтэй холбогдохдоо ямар нэг сэжиг, саад бэрхшээлийн талаар дурдсангүй.

Онгоцны сэгийг эргээс 1,5 км зайд олж, илрүүлсэн юм. Шумбагч хөлөг, 45 хөлөг онгоц, 12 онгоц, 10 нисдэг тэрэг, гурван дрон зэрэг техник хэрэгсэл, мөн 3500 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг Хар тэнгист ажиллаж, 500 метр радиус бүхий талбайгаас онгоцны тарж бутарсан хэсгүүдийг татаж гаргасан юм.

Осолдсон Туполев ТУ-154В-2 онгоцыг 1983 онд угсарсан, агаарт 6689 цагийн нислэг үйлдсэн байжээ.

Ослоор онгоцонд зорчиж явсан 84 хүн, нисэх багийн найман гишүүн бүгд амь үрэгдсэн. Тэдний 62 нь А.В. Александровын нэрэмжит цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид байсан билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж