ШИНЭ НЭР: ”Царцаа Намжил” буюу жүжигчин Б.Золжаргал

Хуучирсан мэдээ: 2017.02.08-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР: ”Царцаа Намжил” буюу жүжигчин Б.Золжаргал

News агентлаг залуусын амжилтыг дэмжих “Шинэ нэр” булангийн ээлжит зочноор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золжаргал уригдлаа. Тэрбээр эдгээр өдрүүдэд “Хөхөө Намжил” хүүхдийн жүжгийн гол дүр болох Царцаа Намжилын дүрийг бүтээж байгаа юм.
 

Энэхүү бүтээл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээл” төслийн уралдаанд шалгарсан яруу найрагч Я.Баяраа, найруулагч Б.Золжаргал нарын бүтээл билээ. Ингээд театрын тайзнаа олон дүрийг бүтээгээд байгаа залуу жүжигчин Б.Золжаргалыг танилцуулж байна.

Төгссөн сургууль: Соёл, урлагийн их сургууль

Мэргэжил: Жүжигчин

Одоо эрхэлж буй ажил: Улсын драмын эрдмийн театрын жүжигчин

Сошиал хуудас: Zoloo Batsuuri


АНХНЫ АМЖИЛТ:

Оюутан цагт бүтээж байсан дүрүүд маань анхны амжилтуудын нэг байх. Мэдээж амжилт бүхэн амар ирдэггүй. Аливаа амжилт баг хамтын хүчээр гардаг учраас би оюутан цагийн дүрүүдээ илүү онцолно.

ЯАГААД ЖҮЖИГЧИН БОЛОХООР ШИЙДЭВ?

Үнэнийг хэлэхэд би жүжигчин болно гэж огт бодож байгаагүй ээ. Ёстой л тохиолдлоор болсон. Зурсан зураг гэж хүмүүс хэлдэг шүү дээ.  

МЭРГЭЖЛИЙН АНХНЫ БАГШ ТАНЬ ХЭН БЭ?

Миний мэргэжлийн анхны багш Ардын жүжигчин Б.Мөнхдорж.

ЯАГААД ТЕАТPЫН ЖҮЖИГЧИН БОЛОХООР ШИЙДЭВ?

СУИС-д суралцаж байх үедээ их зүйлийг бодно. Жүжигчин мэргэжлээр сурч байгаа оюутнуудын ихэнх нь Улсын драмын эрдмийн театрт ажиллахыг хүсдэг шүү дээ. Тэдгээрийн нэгэн адил надад ч бас ийм хүслэн байлаа. Сургуулиа төгсөөд театрын жүжигчин болсон доо.

АНХНЫ БҮТЭЭЖ БАЙСАН ТОМ ДҮР?

“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Отгоолойгийн дүр байна. Энэ дүрийг 2015 онд бүтээж байсан. Тухайн үед энэ том дүрийг бүтээх гэж их хичээж байсан даа.

2016 ОНЫ ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРҮҮЛЭВ?

Уран бүтээлч хүн завгүй тусмаа сайхан шүү дээ. Өнгөрсөн 2016 онд олон сайхан дүрийг бүтээсэн. Завгүй өдрүүд олон байлаа. Хамгийн сүүлд оны төгсгөлд Ш.Гүрбазарын зохиол “Жаргаагүй нар” жүжгийн Цагдорийн дүрийг бүтээсэн.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

Би их нийтэч хүн. Аль болох чөлөөт цаг гарах үед найзуудтайгаа л цагийг өнгөрөөх дуртай. Олон найзуудтай болохоор аль болох тэдэнтэйгээ уулзахыг боддог.

ОЙРЫН ҮЕД ТОГЛОЖ БАЙГАА ЖҮЖГИЙН ГОЛ ДҮРИЙГ НЭРЛЭНЭ ҮҮ?

Драмын театрын уран бүтээлчид энэ сард олон жүжгүүдийг тоглож байгаа. Миний хувьд хүүхдэд зориулсан “Хөхөө Намжил” хүүхдийн жүжигт тоглож байна. Монгол ардын аман зохиол, үлгэрийг сэргээсэн энэ жүжигт олон сайхан зүйлийг хүүхдүүдэд өгөх юм. Өнөө цагт эрт урьдын цагт гээд үлгэр унших нь их ховор болжээ. Тиймээс “Хөхөө Намжил” хүүхдийн жүжгийн гол дүрийг бүтээж байгаа учраас өөрийгөө дайчлан ажиллаж байна. Энэ жүжиг олон сайхан зүйлийг хүүхдүүдэд өгч байгаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж