Өнөөдөр Маршалын төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2017.02.08-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Маршалын төрсөн өдөр

Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал, хошой баатар Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрбээр Жамц гэдэг хүний хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглож, төрөх үедээ Дугар гэдэг нэртэй байсныг түүхэн сурвалжуудад дурдсан нь бий. Маршал Х.Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Чойбалсан суманд төржээ.

Тэрээр Бага насандаа Сан бэйс, Угтамын хийдэд шавилан сууж байгаад 1912 онд Нийслэл Хүрээ рүү оргон очиж ачаа бараа зөөх зэрэг ажил хийхийн хамт автономит Монголын анхны сургуульд орж суралцжээ. 1918 оны эцсээр Нийслэл хүрээнд байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн, 1920 онд Зөвлөлт орос улс, Коминтернтэй холбоо тогтоохоор очиж нам байгуулж, ардын хувьсгалын ялалтын төлөө тэмцэж явсан долоон хүний нэг юм. 1921-1928 онд бүх цэргийн дэд жанжин, цэргийн зөвлөлийн гишүүн, бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, 1931-1935 онд мал тариалангийн яамны сайд, 1935 оноос Ардын СНЗ-ын орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан. Тэрбээр 1939 онд Ардын СНЗ-ын Ерөнхий сайдаар томилогдсон байдаг. Х.Чойбалсан “Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсэж байгуулагдсан товч түүх” ном зохиогчдын нэг.

Маршал Х.Чойбалсан гэргийн хүүгийн хамт

Х.Чойбалсан нь БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт гаргаж, гавьяа байгуулсан боловч 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг газар авахуулж, түүх соёлын үнэт дурсгалыг устгуулсан гэж зарим түүхчид буруутгах нь бий. Гэвч түүнийг Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн, төрийн гарамгай зүтгэлтэн гэж зүй ёсоор үнэлдэг. Тэрбээр Москвад эмчлүүлж байгаад 1952 онд нас баржээ.

Монгол улсын тусгаар тогтнолын төлөө төр засаг, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж, гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэн Дорнод аймгийн төв болон нэг сум түүний нэрээр нэрлэгджээ. Мөн МУИС, нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, зэвсэгт хүчин, хилийн цэргийн олон анги, суманг Х.Чойбалсангийн нэрэмжит болгон хөшөө дурсгалыг нь босгосон байдаг.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж