УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан хаалттай горимоос нээлттэй горимд шилжлээ.
Батлан хамгаалах яамны 2016 оны ажлын тайланг сонсох хүрээнд улсын нууцтай холбоотой асуудлууд хөндөгдөх болсон учраас хуралдааныг хаалттай горимоор хийсэн юм.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хооронд байгуулах зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжин, Засгийн газар дүгнэлтээ хүргүүлэхээр боллоо.
Хэлэлцээрт зааснаар Монгол Улс Польш улсаас 50 сая хүртэл еврогийн зээл авахаар заасан юм. Жилийн хүү нь 0.15 хувь. Хэрэв Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрт товлогдсон хугацаанд аливаа төлбөрийг хийж чадаагүй тохиолдолд тодорхойлогдсон хүүгээс гадна 1.5 хувийн торгуулийн хүү төлөх үүрэг хүлээж байгаа аж.
Ингэхдээ энэхүү зээлийг хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтцийн салбарт тус бүр зарцуулна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Зээлийн нөхцөлийг өөрчлөх ёстой. Ингэхгүй бол хүнд тусах болно” гэж байр сууриа илэрхийлэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, С.Батболд нарын хувьд “Гишүүдийн болгоомжлолыг анхаарч үзэх ёстой. Гол нь зээлийг зөв зүйлд үр ашигтай зарцуулах ёстой. Олон салбарт хийж, тарамдуулах хэрэггүй. Нэг л ашиг гарах төсөл рүүгээ зарцуулах нь илүү үр дүн гаргана” гэсэн байр суурийг тус бүр илэрхийлсэн юм.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ