Бангладешид дал модыг бөөнөөр суулгаж эхэлсэн нь аянгаас хамгаалах зорилготой гэнэ. Өнгөрсөн онд Бангладешийн 200 гаруй хүн аянгад ниргүүлж, амиа алджээ. Зөвхөн тавдугаар сарын нэг өдөр 82 хүн байгалийн энэ гамшигт үзэгдлийн улмаас амь үрэгдсэн байна.
Орон нутгийн удирдлага гамшгаар амь үрэгдэгчдийн тоог буулгах үүднээс мод суулгахаар шийдсэн байна. Ой модыг тайрч, огтлох явдал ихэссэн бөгөөд үүнийг нөхөх нэг хэлбэр нь мөн мод тарих юм.
“Бид хөдөө орон нутагт дал мод суулгах ажлыг эхлүүлсэн. Ирэх зургадугаар сар гэхэд бид нэг сая мод суулгана” гэж Онцгой байдлын яамны нарийн бичгийн дарга Шах Камал ярьжээ.
Дал моддыг суулгаснаар аянгыг өөртөө татах давуу талтай гэнэ. Тайландын ийм хөтөлбөр нааштай үр дүн гаргасан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Гэхдээ мод томорч ургатал бас хэдэн жил хэрэгтэйг шинжээчид өгүүлж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР