Нефтийн үнэ буурч, бензиний үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.02.08-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ буурч, бензиний үнэ нэмэгджээ

Хоёр хоногийн өмнө Монголын зарим шатахуун импортлогчид бензиний үнэ нэмсэн. Харин энэ өдрүүдэд дэлхийн зах зээл дэх нефть, шатахууны үнэ ямар байгаа талаар сонирхуулъя. 


НЕФТЬ
 

Баррель нефтийн үнэ даваа гаригт (2017.02.05) огцом буурчээ.

Нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногт 1.2%-аар бага зэрэг өссөн ч даваа гаригт  буурсан байна.

Нью-Йоркийн арилжааны бирж дээр газрын тосны үнэ 1.5% буюу 82 центээр буурч, баррель нь 53.01 ам.доллар, Лондоны бирж дээр 1.9% буюу 1.09 ам.доллараар унаж 55.72 ам.доллар болжээ.

Нефтийн үнэ цаашдаа буух төлөвтэй байна. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эрчим хүчний салбар дахь хориг саадыг багасгаж, газрын тос олборлолтыг тогтворжуулахаа мэдэгджээ. Түүнчлэн ам.долларын ханш чангарсан нь нефтийн үнэд нөлөөлж байгаа аж.


БЕНЗИН
 

Нефтийн бүтээгдэхүүн болох бензиний үнэ хүмүүсийн амьдралд шууд нөлөө үзүүлдгээрээ олон нийтийн анхааралд байдаг. Нефть болон бензиний үнэ харилцан хамааралтай гэж олон хүн үздэг.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр бензиний дундаж үнэ нэмэгдэж, литр нь нэг ам.долларт хүрчээ.

Харин дизель түлшний дундаж үнэ литр нь 0.89 ам.доллар байна. Бүс нутгаар нь авч үзвэл нэгдүгээр сард Европ болон Азид бензиний үнэ литр нь дунджаар 0.1%, Канадад 1.5%, АНУ-д 1.1%, Австралид 0.9%, Өмнөд Африкт 0.1%-аар нэмэгджээ.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж