“Алтжин”-гийн 12 жилийн өмнөх түүх давтагдах уу?

Хуучирсан мэдээ: 2017.02.08-нд нийтлэгдсэн

“Алтжин”-гийн 12 жилийн өмнөх түүх давтагдах уу?

…2005 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр. "Алтжин" компанийнхан шинэ жилийн баяраа тэмдэглээд сэтгэл тэнэгэр сайхан байтал гэнэтхэн хэн нь ч юм ”САПУ худалдааны төв шатаж байна” гэсэн аймшигт мэдээг дуулгалаа.

Бүгд балмагдан цочиж, “Гал команд очсон уу, дотор нь хүн байсан уу?” гээд ар араасаа хөвөрсөн түм буман асуултын дундуур САПУ худалдааны төв рүү яаран хөдөлцгөөлөө. Холоос улаан гал дүрэлзэн харагдана. "Ямар ч найдваргүй болжээ" гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирнэ. Гурван том павильоноос бүрдэх энэ төвд үдшийн 21:30 цагаас гал гарч эхэлсэн юм…

САПУ худалдааны төв галд автав. 2005.12.16

"Ардын эрх" сонин 243 /522/

…2013 наймдугаар сарын 23-ны өдөр “Нарантуул” олон улсын худалдааны төвд гарч, галын улмаас нэг хүн амиа алдан, нийтдээ 411 түрээслэгч эд хөрөнгөөрөө хохирсон. Галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор ажлын хэсэг байгуулаад сар гаруй хугацаа өнгөрлөө. Харин өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын хугацаа дуусч, хохирлын хэмжээ болон галын шалтгааныг тогтоосон байна. Нийтдээ 12 тэрбум 300 гаруй сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд таван тэрбум 430 гаруй сая төгрөгийн барааг галын аюулаас аварсан хэмээн дүгнэлт гарчээ…

…2013 оны наймдугаар сарын 30-ны өдөр Сандей плаза худалдааны төвийн долдугаар давхарт гал гарлаа. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс галын шалтгааныг шалгаж, эцэслэн тогтоосон байна. Тодруулбал, хэн нэгний санамсар болгоомжгүйгээс, хөдөлмөр аюулгүй ажиллгааны дүрмийг зөрчсөнөөс буюу ахуйн гаралтай гэж үзэж, хэргийг хаажээ. Харин гал алдсан буюу халуун тогоог салгалгүй орхисон ажилчдад Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон байна…

…2015 аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Сандэй плаза" төвд дахин гал гарав. Гал тус төвийн нэгдүгээр давхраас гарч, дөрөвдүгээр давхар хүртэл түгсэн байжээ…

… 2017 оны хоёрдугаар сарын 7. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрлах WELLMART хүнсний сүлжээ дэлгүүрт гал гарч, багагүй хэмжээний хохирол учирчээ. Одоогоор хэдий хэмжээний хохирол учирсан талаар галд өртсөн газрууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Галын шалтгаан болоод хохирлыг тогтоохоор Онцгой байдлын албаныхан ажиллаж байна… /News.mn сайт/


Олон хүний амь амьдрал, ашиг орлого нэг дор байрласан худалдааны төв, захуудад гарсан галын аюулын тухай мэдээ, мэдээллүүд манай агентлагийн архивд хадгалагдан үлджээ. Тэрхүү жагсаалтын хамгийн сүүлийн мэдээлэл өчигдрийн огноотой орсон нь энэ. Лангуу түрээслэгч олон арван иргэд ганцхан шөнийн дотор их хэмжээний хохирол амссан харамсмаар хэргийг “Алтжингийн гал” нэрээр мэдээлж байсан нь саяхан мэт. Гэвч хэдийнэ 12 жил өнгөрчээ.

Цахилгааны холболт, барилгын материалын чанараас эхлээд лангуу түрээслэгчдийн хохирлын хэмжээ, хохирол барагдуулалт, лангуу түрээслэгчдийн өлсгөлөн гээд уртын урт ээдрээт зам туулсан “Алтжингийн гал”-ын гашуун түүх WELLMART хүнсний сүлжээ дэлгүүрт давтагдлаа.

"Нарантуул", "Сандей плаза"-д гарсан галын үеэр ч нэг лангууг нэлээд хэдэн хүн дамжин түрээсэлдэг, түрээсийн лангуун дахь бараа, бүтээгдэхүүний хэмжээг тогтоох үнэн зөв баримт огт байхгүйн дээр лангуу дээр бараа зарж буй хүмүүс гааль, татварт үнэн зөв мэдүүлэг өгч байсан түүх огт байгаагүйг илчилсэн. Бүхэл бүтэн 12 жилийн өмнө тулгамдаж байсан асуудал өнөөдөр ч яг л хуучнаараа. Дэлгүүр, худалдааны төвийн нэр нь л өөр болохоос тулгамддаг асуудал танил хэвээр байна.

WELLMART хүнсний сүлжээ дэлгүүрт гал гарлаа. Галын дүгнэлт хараахан гараагүй байна. 2017.02.07

Өчигдөр /2017.02.07/ галд өртсөн WELLMART хүнсний сүлжээ дэлгүүрийн хоёрдугаар давхарт гарсан галд жижиглэнгээр бараа бүтээгдэхүүн худалдаалдаг лангуу түрээслэгчид голчлон өртжээ. Нийтдээ 60 орчим лангуу байдаг гэх бөгөөд тэдгээр иргэд хохирлын хэмжээг яг таг тогтоогоогүй ч багадаа нэг тэрбум төгрөг, нарийн тооцвол 1,8 тэрбум төгрөгийн хохирол амссан гэдгээ хэвлэлийнхэнд хэлжээ. Харин түрээслүүлэгч талаас ямар нэгэн тайлбар мэдээлэл өгсөнгүй.

Нулимс бөмбөрүүлэн сандрах менежер бүсгүйгээс өөр тэдний төлөөлөл манай сурвалжлах багийнхантай тааралдаагүй юм. Хохирлыг лангуу түрээслэгчдийн мэдээллээр багцаалдаж тооцвол нэг лангуунд 16,6-30 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн байсан бололтой. Гэвч энэ бол баталгаат тоо огтоос биш. Урьд өмнөх галын хэргийн үеэр ч лангуу түрээслэгчид хил гаалиар орж ирэхдээ бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээг нуун дардаг, татварын албанд сардаа ердөө 6000 төгрөг төлдөг, орлогоо үнэн зөв тодорхойлж баримтжуулдаггүй, даатгалд хамрагддаггүйгээсээ болоод хохирлоо үнэн зөв тогтоолгож, барагдуулан авсан нь бараг л үгүй. Хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүн байсныг яг таг тогтоож чаддаггүй өнөөх л дүр зураг яг хэвээрээ. Зарим нэг нь барааныхаа хэмжээг хэт өсгөн мэдүүлж, ашиг олохыг санаархдаг нь нууц биш.

"Алтжин"-гийн захирал бүсгүй хүний өр зөөлөн сэтгэлээр “Хохирлыг бүрэн барагдуулна” хэмээн амлахад лангуун дээр зарж байсан хадаг самбайгаа ширхгийг нь 25 мянгаар, нэг уруулын будгийг 80 мянган төгрөгөөр үнэлсний дээр галд үрэгдсэн үхрийн махны үнэ кг тутамдаа 5000 төгрөгөөр өссөн тохиолдол ч бий. Амандаа орсон үнэ хэлж аль ч үгүй хохирсон иргэд цөөнгүй байдаг, одоо ч байсаар.

“Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан гал. 2013.08.23

Худалдааны төв, захуудад гарсан галын буруутан олдлоо ч захиргааны хуулийн дагуу багахан хэмжээний торгууль төлөх, ихдээ л тэнсэн ял оноох байдлаар өнгөрдөг гэдгийг дахин сануулъя.

"Сандей"-гийн долдугаар давхарт байрлах цайны газрын ажилчин халуун тогоогоо залгаж орхисон хэрэгтээ торгууль хүлээсэн бол "Нарантуул" худалдааны төвийн хоёр манаач тэнсэн харгалзах ялыг тун саяхан авсан. Ингээд л болоо.

Түрээслүүлэгчдийн зүгээс ч хохирол барагдуулж базаасан зүйл бараг үгүй. "Алтжин"-гийнхан олон жилийн дараа хохирлыг уван цуван өгсөн бол "Нарантуул"-ынхан шинээр барьсан худалдааны төвд лангуу өгөх зэргээр тохиролцоонд хүрсэн байдаг. Хохирогчдын мэдүүлээд байгаа 10-20 сая төгрөг хэн нэгний халаасны мөнгө огтоос биш. Лангуу ажиллуулж амьжиргаагаа залгуулахын тулд банк, санхүүгийн байгууллагаас зээл авсан нь олонх. Өдрийн зээл олгогчдоос мөнгө авч эргэлтэд оруулдаг хүмүүс ч цөөнгүй. Энэ бүхнээс үүдэн эцсийн эцэст лангуу түрээслэгчид л хохирч үлдсээр байна. “Сүүнд халсан хүн төлөг үлээнэ”, “Хууль чангарахаар хулгайчийн арга нарийсдаг” гэгчээр орчин цагийн худалдааны төвийн эзэд гал усны гамшгийн бурууг бид хүлээхгүй гэсэн зүйл заалтыг гэрээндээ тусгадаг болсон гэнэ. Энэ заалтыг хасъя гэх эрх түрээслэгчдэд үгүй бөгөөд дараагийн хүнээс өрсөх гэхдээ нүд аниад гарын үсэг зурж баталгаажуулахад хүрч буй ажээ.

Нөгөөтэйгүүр хамгийн ихээр анхаарал татаж буй зүйл бол барилгын чанар, галын аюул болоод бусад төрлийн гамшгийн үед хамгаалах хэрэгсэл, аврах гарц юм. Анх барихдаа ном журмын дагуу барьж байгуулсан боловч улсын комисст хүлээлгэн өгсний дараа эрх ашигтаа зохицуулан өөрчилдөг гэм манайханд бий. Адаглаад л аврах зам, гарцыг хааж лангуу тавьдаг, хаалга, шатыг зориулалтаар нь ашигладаггүй, цонхыг төмөр хийцээр түгжиж торлодог зэргээс үүдэн аюул ослын үед хугацаа алдаж, хохирлын хэмжээ улам өсдөг гэдгийг аврагч, гал сөнөөгчид байнга сануулсаар байгаа ч байдал хэвээрээ.

Татвар, төлбөр, даатгалаа ном журмын дагуу төлчихдөг бол хохирлоо асуудалгүй шийдүүлэх боломж хууль эрхзүйн орчинд бүрдчихсэн гэдгийг дахиад сануулъя. Дэндүү хэнэггүй, дүрэм журамд баригдаж сураагүй задгай зангаасаа болж, олон арваараа хохирсоор, амь амьдралаа хүнд даатгасаар байх уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж